Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Ардын хувьсгалын 40 жилийн ойн өндөрлөг |
---|---|
Хаяг байршил: | Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, Махатма Гандигийн хөшөөний баруун талд, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд талд |
Солбицол: | N47 54 15.8, E106 55 06.5 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1961 |
Зохиогч: | Архитектор Т.Мишиг |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Өндөр: 25 м |
Суурийн хэмжээ: Урт: 4,85 м, Өргөн: 4,85, Өндөр: 3 м | |
Материал: | Гантиг чулуу, бетон |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн түүхт ойн босгон дээр хуралдсан МАХН-ын XIV их хурлаас “Феодалын хоцрогдсон орон байсан Монгол Улс, хөдөө аж ахуйн – аж үйлдвэрийн социалист улс болов” гэж 40 жилийн ололт амжилтыг хураангуйлан тодорхойлжээ. Ардын хувьсгалын 40 жилийн ой нь улс орны хөгжлийн шинэ заагт тохиолдсон тул түүхт ойд зориулсан дурсгалын өндөрлөг босгохоор шийдвэрлэжээ.
Уг өндөрлөгийг Улсын барилгын зургийн институтийн архитектор Т.Мишигийн зохиосон зураг төслөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойт хэсэгт 1961 оны долдугаар сард барьж босгосон байна. Өндөрлөг нь 2 метр суурь дээр босгосон үндэсний хээ угалз бүхий дөрвөн талт өндөр баганаас бүтсэн бөгөөд орой дээрээ соёмботой юм. Дурсгалын баганын оройн хэсэгт соёмбо үсгийг байрлуулж, дунд хэсгийг нь үндэсний хээгээр чимэглэжээ. Соёмбо тэмдэг 1924 оноос Монгол Улсын төрийн сүлдээр батлагдсан. Соёмбо гэдэг үг нь угтаа эртний санскрит хэлний “соёмбозод” буюу “өөрөө гарсан гэгээн” гэсэн утгатай үг бөгөөд эртний Энэтхэгийн мөргөлийн номын үсэг болох ланз үсгээс санаа аван зохиосон байна. Гурван үзүүрт гал нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт үүрд мандан бадрахыг бэлгэдсэн утгатай. Доошоо харсан гурвалжин нь дайсны өөдөөс хэрэглэх эртний монголчуудын давшин байлдах зэвсэг жадны сумны гилбэрийг дүрсэлсэн ба үзүүрийг нь дотогш харуулсан нь дайсныг дарах утгыг агуулсан байна. Соёмбын төв дэх хоёр загасны дээр доорх өнцөгтэй шулуун нь хүн бүхэн их бага дээр дооргүй цөм дайсны арга мэхэнд оролгүй нүд цавчилгүй сэрэмжил, хоёр хажуугийн босоо дөрвөлжин нь эх орныхоо төлөө эв сэтгэл нэгтэй бол төмөр хэрмээс бат бэх гэсэн санааг тус тус агуулсан байна.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус дурсгалыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 197-р тогтоолоор Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017