Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | “Хувьсгалт Монгол” танкны хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжны зүүн талд, Зайсан толгойн хойд хэсэгт |
Солбицол: | N47 53 12.0, E106 54 57.9 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1968 |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 6,1 м, Өргөн: 3 м, Өндөр: 2,75 м |
Материал: | Төмөр |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
1942 онд БНМАУ-ын XXV Бага Хурлаас Зөвлөлтийн ард түмэн, улаан армид үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын ард түмний хандивын хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкын цувааг байгуулж, 1943 оны нэгдүгээр сард Х.Чойбалсан тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Улаан армийн байлдагчдад гардуулан өгчээ. "Хувьсгалт Монгол" танкийн бригад байлдааны тэргүүн шугаманд явж эх орны их дайны фронтоос Берлин хүртэл аялан гарамгай гавъяа байгуулж Зөвлөлт, Монголын есөн одонгоор шагнагджээ. 1964 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарилгаар тус танкийн бригадыг Д.Сүхбаатарын нэрэмжит болгожээ.
“Хувьсгалт Монгол” танкийн бригадын 25 жилийн ойг тохиолдуулан 1968 оны тавдугаар сарын 9-нд Улаанбаатар хотын Ажилчны районы дэвсгэрт В.И.Лениний өргөн чөлөөний өмнөд хэсэгт байрлуулсан “Хувьсгалт Монгол” танкийн бригадын дурсгалын хөшөөг нээжээ. Хөшөөг байгуулахдаа налуу өндөрлөг төмөр бетон суурь дээр байлдааны танкийг баруун зүг харуулан байрлуулж тавиад, суурийн нүүрэн талд алтан соёмбын доор “Монголын ард түмний хөрөнгөөр байгуулагдсан ”Хувьсгалт Монгол” танкийн бригад гитлерийн Германы эсрэг дайнд оролцсон юм” гэж бичжээ. Хөшөөний суурийн зүүн хананд явсан замуудыг сийлж, баруун хананд “Монгол, Зөвлөлтийн ард түмний дайчин бат найрамдал мандтугай!” хэмээн сийлжээ. 120 мянгатын уулзварт байсан тус хөшөөг Зайсан толгойн хойд талд нүүлгэн авчирсан билээ.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан.
БолдбаатарЧ., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
ГунгаажавП., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017