Түүх, соёлын дурсгалт газрын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Д.Сүхбаатарын төрсөн газар |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжны замын хойд талд, Дара эхийн сүмийн зүүн урд талд |
Солбицол: | N47 54 18.4, E106 59 59.4 |
Дурсгалын төрөл: | Дурсгалт газар |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Түүхэн үйл явдлууд: | Монголын үндэсний баатар, улс төр, цэргийн зүтгэлтэн Д.Сүхбаатар 1893 оны 2 дугаар сарын 2-нд төрсөн газар. |
Төр, цэргийн зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагчдын нэг Дамдины Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Их Хүрээний Маймаа хот (одоогийн Амгалан)-д төржээ. Тухайн үед Сүхбаатарын аав Дамдиных Маймаа хотын Зүүн монгол хороололд суурьшсан Яатуу хэмээх Даваагийн хашаанд байжээ.
1924 онд Улиастай голын Улаан довын лус тахиж байх үед эх Ханджав нь Сүхбаатарыг төрүүлсэн газрыг Амгалан дахь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүдэд зааж өгснөөр тус газарт овоо босгожээ. 1967 онд Сүхбаатарын төрсөн газрыг Улаанбаатар хотын 8, 14 дүгээр сургуулийн пионер сурагчид сурвалжлан олсон бөгөөд уг газрыг Д.Сүхбаатарын төрсөн газар мөн гэдгийг эвлэлийн ахмад гишүүн Батмөнх, партизан П.Тогтох, Сүхбаатарын хүү С.Галсан, автономит засгийн үед Маймаа хотын гаалийн бичээч байсан ахмад настан Мишигдоной нарын хүмүүс зааж өгч нотолсон учраас дахин тэмдэг тавьжээ. Улаанбаатар хотын захиргаанаас уг дурсгалт газарт хөшөө босгож, тохижуулахаар ажиллаж байсан ч 1993 он хүртэл ямар нэгэн хөшөө босгож чадаагүй юм. Ингээд 1993 онд Д.Сүхбаатарын төрсний 100 жилийн ойг тохиолдуулан дурсгалын гэрэлт хөшөөг төрсөн гэрийн буйран дээр байгуулж, хүндэтгэлийн дөрвөн хаалга барьж, тохижуулжээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 46 дугаар тогтоолоор Сүхбаатарын төрсөн газрын 2 га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, Дамдины Сүхбаатарын нэрэмжит Төв Азийн байгалийн ургамлын “Миний нутаг” цогцолбор байгуулахаар шийдвэрлэжээ. Гэвч энэ цогцолбор байгуулагдаагүй ба 2012 онд хотын захиргаанаас Сүхбаатарын сууж буй хөшөө, анхны долоогийн баримлыг бүтээж, талбайг хашаалж, тохижуулжээ.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004