Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Монголорын хоёр давхар барилга |
---|---|
Адил утгатай нэр: | Их Хүрээний анхны хоёр давхар чулуун барилга, Гротын улаан |
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд, Хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (хуучин Цэргийн Госпиталь)-ийн баруун талд |
Солбицол: | N47 55 00.9, E106 57 54.0 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | “Монг-Эм” ХХК |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Баригдсан он: | 1902-1905 |
Захиалагч: | “Монголор” нийгэмлэг |
Анхны зориулалт: | Монголорын албан газар |
Хийц загвар: | Модерн |
Хэмжээ: | Урт: 37,4 м, Өргөн: 20,2 м, Өргөн: 14 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Чулуу, төмөр |
Хамгаалалтын зэрэглэл: | Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн. |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Консулын дэнж дэх Улаанбаатар хотын анхны Европ хийцийн хоёр давхар тоосгон байшинг Монголын алтыг ашиглан гадаадад гаргадаг байсан Монголор (Mongol-or) хэмээх Бельги-Франц-Орос зэрэг орнуудын хувь нийлүүлсэн олон улсын алтны нийгэмлэг 1902-1905 онд бариулсан бөгөөд тус нийгэмлэгийн Монгол дахь төв захиргаа нь энэ барилгад байрлаж байв. Хүрээнийхэн алтны нийгэмлэгийн эзэн Фон Гротын нэрээр байшинг “Гротын улаан” хэмээн нэрлэдэг байжээ. Туйпуу, чулуугаар баригдсан энэхүү түүхэн дурсгалт барилгын дотоод чимэглэл анх баригдсанаасаа төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Тааз нь өндөр, модон шаттай бөгөөд зарим нэг хаалга нь арк хэлбэртэй. Гол хаалгаар ормогц нүдэнд шууд тусах хагас дугуй хэлбэрийн өвөрмөц дөрвөн буланд байшингийн анхны эзэд бурхан шүтээн хийгээд уран баримлаа байрлуулсан байжээ.
1910 оноос Орос, Хятадын банкны Хүрээн дэх салбарын төв контор байрлаж байгаад 1921 онд Барон Унгерн Нийслэл Хүрээг эзлэхдээ баруун жигүүрийг нь контороо, харин зүүн талыг нь мөрдөн байцаах газар, доод хонгилд нь гяндангаа байрлуулсан байна. Ардын хувьсгал ялсны дараа энэхүү байшинд цэргийн их сургуулийг байгуулж, анхны есөн оюутан элсэн суралцжээ. Оюутнууд нь тусгай формын хувцастай, өргөн улаан халзтай өмдтэй учир “Улаан өмдтөний сургууль” гэж нэрлэгдэж байв.
Энэ барилгад жанжин Д.Сүхбаатарын шарилд 1923 оны хоёрдугаар сарын 23-нд задлан шинжилгээ хийж байжээ. 1939-1946 оны хооронд Халх голын байлдаанд шархадсан хүмүүсийг эмчилж байв.
1950-1957 оны хооронд Госпиталийн арьс өнгөний тасаг байрлаж байсан. Эдүгээ энэ түүх, соёлын дурсгалт уг барилгад Монгол-Төвөд жороор эм үйлдвэрлэдэг ардын уламжлалт Монг-Эм эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байна.
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх соёлын дурсгалаас, УБ., 1976
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017