Түүх, соёлын дурсгалт газрын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Тасганы овоо |
---|---|
Адил утгатай нэр: | Зөөлөн хошуу, Зааны хошуу |
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны зүүн, Л.Энэбишийн гудамжны урд тал, Гандангийн дэнжийн зүүн талын овоо |
Солбицол: | N47 55 29.7, E106 53 58.9 |
Дурсгалын төрөл: | Дурсгалт газар |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Түүхэн үйл явдлууд: | Гандан, Зүүн хүрээний лам нарын “Тасга” хаялцдаг байсан газар бөгөөд 1950 он хүртэл Улаанбаатар хотын ерөнхий төрхийг хардаг өндөрлөг цэг байв. |
Чингэлтэй хайрхан уулын урагш түрсэн урт хошууг хэвтэж буй зааны хошуутай адил хэмээн шинжиж, Зааны хошуу буюу Зөөлөн хошуу гэж нэрлэж байв. 1838 онд Гандантэгчинлэн хийдийг байгуулснаар Их Хүрээнд шинэ хүрээ үүсч, Гандан, Зүүн хүрээний лам нар Зөөлөн хошууны дээр номын хүчээр мэтгэлцэх “тасга” хэмээх зан үйл гүйцэтгэх болсноор “Тасганы овоо” хэмээх болжээ. Тасганы овоо нь 1950-аад оны дунд үе хүртэл Улаанбаатар хотын ерөнхий төрх байдлыг хардаг гол өндөрлөг цэгийн нэг байв. 1913 онд Францын гэрэл зурагчин Стафен Пассегийн Тасганы овоо дээрээс Нийслэл Хүрээний ерөнхий байдлыг авсан гэрэл зураг нь Монголын анхны өнгөт гэрэл зургийн нэг болон үлджээ. Тасганы овооны өвөрт 1919-1920 онд Гэсэр сүмийг байгуулжээ. 1980-аад оны сүүлчээр Тасганы овоог дундуур нь тасалж авто зам тавьсан бөгөөд тус замыг 2002 онд Л.Энэбишийн гудамж хэмээн нэрлэжээ.
Очбаяр Г., Цацралт С., Чингэлтэй хайрханы өвөрт, гэрэл зургаар өгүүлсэн түүх УБ., 2015
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006