Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Анхны европ хоёр давхар байшин |
---|---|
Адил утгатай нэр: | Оросын консул сайдын байшин |
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд, Отгонтэнгэр их сургуулийн зүүн талд |
Солбицол: | N47 55 03.0, E106 57 28.6 |
Давхрын тоо: | 2 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Нийслэл зочид буудал |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Баригдсан он: | 1863-1865 |
Анхны зориулалт: | Оросын консул сайдын албаны сууц |
Хийц загвар: | Орос загвартай |
Хэмжээ: | Урт: 31 м, Өргөн: 13 м, Өргөн: 7,4 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Тоосго |
Хамгаалалтын зэрэглэл: | Нийслэлийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Улаанбаатар хотод байгаа түүхэн дурсгалт барилгуудын нэг нь Оросын консулын анхны байшин юм. Өнөөгийн зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэл, Маахуур толгойн урдах дэнжийг 1860-аад оны үеэс “Консулын дэнж” хэмээн нэрлэж иржээ. 1860 онд Их хүрээнд Оросын анхны консулын газрыг байгуулж, консул сайд суух хоёр давхар модон барилгыг Хүрээнд сууж хэрэг шийтгэх манж сайдын газраас зөвшөөрөл авсны дагуу 1863-1865 онд барьж дуусгажээ. Байшин нь нүүрэн талдаа 23 цонхтой, голын хаалганы дээд талд тагттай, тагтныхаа дээр өндөр нарийн баганатай, гурвалжин хэлбэрийн дээврийн оруулгатай, 24 өрөөтэй байжээ. Их хүрээний хамгийн өндөр байшинд тооцогдож байсанд нь хүрээний лам нар “Богдын тахилын модноос өндөр юм бий болов” хэмээн дургүйцдэг байжээ. 1869-1870 онд энэхүү барилгын нэгдүгээр давхрыг нь зүүн тийш сунгаж дээр нь сүмийн орой бариад 1872 онд Эрхүү хотын Благовешенийн сүмийн лам Николай Соколов, Үнэн алдартан шашны их лам Пароенай нар Эрхүүгээс ирж, уг сүмийг “Ариун Троицкийн сүм” хэмээн аравнайлжээ. 1996 онд байшингийн гадна дүр төрхийг нь өөрчлөлгүйгээр шинээр сэргээн барьсан байна. Мөн Төв Азийг судлагч Оросын нэрт эрдэмтэн, жуулчид Н.М.Прежвальский, А.Я.Бичурин, Г.Н.Потанин, А.М.Позднеев зэрэг хүмүүс хүрээгээр дайрч явахдаа энд хонон өнжиж явсан тухай замын тэмдэглэлүүддээ бичсэн байдаг. Консулын байшингийн өмнөх талбайд 1918 оны нэгдүгээр сарын 8-нд хэдэн зуун орос хүн цугларч Орос орны дотоод байдлын тухай мэдэгдэл сонсож Зөвлөлт засгийн газарт баярын бичиг явуулж байжээ. Баярын бичигт: “Нийслэл хүрээнд оршин суугч, албан хаагч бид, бослогын тугийг өргөж помещик, капиталистуудын засгийн газрыг түлхэн унагасан ажилчин, цэрэг, тариачдад баяр хүргэе Хүрээний газар суугч ажилчин, албан хаагч бид хөрөнгөтөн ба тэдний зарц нарын бүх хүчний эсрэг гуйвалтгүй тэмцэх болно” гэж бичсэн байна. Уг тэмцлээс айсан хаант Оросын консул Орлов цуглааныг хөөн тараахыг оролдсон боловч хүч дутагдан Монголын Феодалын Засгийн газраас цэрэг, цагдаа дуудан ирүүлж байсан аж.
Өдгөө тус түүхэн дурсгалт барилга хувийн өмчид байдаг бөгөөд Нийслэл зочид буудал үйл ажиллагаа явуулдаг.
Тус түүхэн дурсгалт барилгыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 420 дугаар тогтоолоор Улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор нийслэлийн хамгаалалтад авсан.
Ганбаатар Л., Нарангэрэл Г., Цахиур С., Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, чиг хандлага, УБ., 2016
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Гунгаажав П., Дүрзээ Ч., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, УБ., 1976
Дүгэрсүрэн Л., Улаанбаатар хотын түүхээс, УБ., 1999
Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, гэрэл зургын цомог, УБ., 2014
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006
Цэрэнчулуун А.,Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017