Дурсгалын нэр: | Хүн чулууны хонхор |
---|---|
Адил утгатай нэр: | Зүүн цэцэрлэгт хүрээлэн |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд, Зүүн цэцэрлэгт хүрээлэн, Централ таурын зүүн урд хэсэг |
Солбицол: | N47 55 02.4, E106 55 11.7 |
Дурсгалын төрөл: | Дурсгалт газар |
Түүхэн үе: | Их Хүрээний үе (1706-1911 он) |
Түүхэн үйл явдлууд: | 1778 онд Их хүрээ, өнөөгийн Улаанбаатар хот ирж суурьшсан газар. |
Улаанбаатар хотын үүсэл нь 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, орд өргөө байгуулснаас эхэлдэг. Их Хүрээ 1719-1778 оны хооронд 21 удаа нүүж, 1778 оноос Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх хэмээх дөрвөн уулын дунд, Туул, Сэлбэ голын сав, Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндийд ирж баттай суурьшин, төвлөрсөн суурин газрын шинжтэй болжээ.
Хуучны нэгэн домогт: “Монгол ноёд олон удаа нүүж буйр сэлгэсэн Өргөөг хөтөлбөргүй бат суурьшуулахаар хэлэлцэн мэргэн цэцэн хүнээр газар шинжүүлэхээр тогтож хэд хэдэн газар үзсэн ч тохирох сайхан нутаг олдоогүй ажээ. Газар шинжээчид ингэж яваад Туул голын хөндийд ирж нэгэн хүн чулуун хөшөөтэй тааралдан бэлгэшээж ...өлөн барын ходоод шиг энэ хөндий өлзий бүрдсэн сайхан нутаг аж, Хан уулын ар, тунгалаг Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн адаг, Хүн чулууны хонхорт Хүрээ хотыг байгуулбал сайн” гэж өгүүлдэг.
ХХ зууны эхээр Нийслэл Хүрээгээр дайран өнгөрсөн судлаач, жуулчид хотын дотор болхи дүрслэлтэй хүн чулуун хөшөө байсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэрхүү хүн чулуу нь анх дөрөвдүгээр дэлгүүрийн ард байсан гэх бөгөөд 1940-өөд оны үед одоогийн Гадаад харилцааны яамны хойд талын засмал замын орчим байжээ. 1940-өөд оны дунд үед хотыг сайжруулах төлөвлөгөө гарч хөшөө байсан газарт зам талбай байгуулах болсонтой холбоотойгоор хөшөөг хотын захиргааны хуучин байрны хашаанд аваачсаныг 1950-иад оны үед Богд хааны ордон музейн хашаанд зөөж тавьжээ. Хүн чулууны хонхорт байсан тэрхүү хүн чулуун хөшөөг 2014 онд Улаанбаатар хотын 375 жилийн ойгоор Улаанбаатар хотын музейд шилжүүлэн байрлуулсан юм.
“Хүн чулууны хонхор” нь өнөөгийн Тусгаар тогтнолын ордны өмнөх цэцэрлэг, Гадаад харилцааны яамны хойд хэсэгт байжээ. Их Хүрээ ирж суурьшсан түүхэн газарт 1994 онд дурсгалын мэлхийт хөшөө босгожээ. Хүн чулууны хонхороос ганц хүн чулуун хөшөө үлдсэн нь Улаанбаатар хотын музейд хадгалагдаж байна.
Пүрэв О., Монголын улс төрийн төв, УБ., 1994
Намнандорж О., Хүн чулууны дэнж хувирсан нь, бүтээлийн эмхтгэл, I боть, УБ., 2003
Даваацэрэн Б., Нийслэлийн түүхэнд холбогдох хүн чулуун хөшөөний тухай // Нүүдэлчдийн өв судлал, Tom. XVI, Fas. 1-34, УБ., 2015