Түүх, соёлын дурсгалт газрын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Соёмбот толгой |
---|---|
Адил утгатай нэр: | Умаа хум толгой |
Хаяг байршил: | Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын ар, Зайсан толгойн баруун талын толгой |
Солбицол: | N47 53 03.7, E106 54 27.3 |
Дурсгалын төрөл: | Дурсгалт газар |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Түүхэн үйл явдлууд: | V Богд Туул голын хөвөөнд амьдарч, уснаас ундаалах болсноос хойш “Умаа хум” хэмээх төвд үсгээр Богд уулын арын толгойн хойд хэсэгт бичсэнийг 1936 онд дээрээ соёмбо бүхий “Ардын хувьсгалын 15 жилийн ой мандтугай” гэсэн бичээсээр сольжээ. |
Соёмбот толгойг 1936 оноос өмнө Умаа хум толгой гэж нэрлэж байв. 1840 онд V Богд Жавзандамба хутагтад зориулан Туул голын хойд талд Цагаан ордон буюу Гунгаадэжидлэн, голынхоо урд талд Пандлин сүмийг байгуулж өгчээ. Энэ үеэс Богд Туул, Дунд голын хооронд амьдрах болжээ. Богдын ундны усыг ариусгах зорилгоор Өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү засаг бэйл Шижирбаатарын удмын хүн жүн ван Юндэндоржийн санаачилгаар дээр дурдсан газар буюу Зайсангийн амны доод боргионы эхэнд уулын хойд энгэрт Умаа хум гэсэн үгийг төвдөөр цагаан чулуугаар шигтгэн бичснээс хойш уг толгойг Умаа хум толгой гэх болжээ.
Тухайн үедээ Умаа хум үсгийн туяа Туулын уснаа тусч харагдахад хүмүүс хир буртаг муу муухай зүйлээ угаахгүй усаа цэвэр байлгахыг эрхэмлэдэг байсан гэдэг.
1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Умаа хум гэж бичсэнийг өөрчилж, Соёмбо тэмдэг болон монгол бичгээр “Хувьсгалын 15 жилийн ой мандтугай” гэсэн уриаг цагаан чулуугаар шигтгэн тавьснаас хойш “Умаа хум” толгой гэж байсныг «Соёмбот толгой» гэх болж хувьсгалын ой бүхнээр тоог нь өөрчилж жил бүр баярын нэгэн чимэглэл болгон гэрэлтүүлдэг болсон билээ.
Энэ соёмбыг анх ардын хувьсгалын 15 жилийн ой, 1936 оны их баяр наадмын өмнө Зүүн Зиндмань уулын ар дээр төрийн сүлд тэмдэг соёмбо үсгээ байгуулах болж Ардын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хороо, Улаанбаатар хотын захиргаа, намын хороо, их наадмын комиссоос эрхлэн уйгаржин монгол үсэг бүхий лоозонг чулуугаар бичиж тавих их ажил өрнөж, соёмбо ба монгол үсгийн тэгийн сайн бичээч гэгдэх судар бичгийн хүрээлэнгийн ажилтан хичээнгүй бичээч Ө.Чимэд, уран барималч, зураач Д.Чойдог удирдан ажиллаж багшийн сургуулийн багш, оюутан нар мөн аж үйлдвэрийн комбинатын ажилчид хэдэн өдөр субботникоор ажиллаж, тэр газрыг 50 см хир гүн ухаж, чулуу зөөж шигтгэж үсгээ байгуулжээ.
Дашзэвэг Н., Хүрээ.дөрвөн уул, хатан туул, УБ., 1992
Пүрэв О., Монголын улс төрийн төв, УБ., 1994