Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Дара эхийн сүмийн хоёр чулуун багана, Гол сүм |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжны замын хойд талд, Д.Сүхбаатарын төрсөн газрын баруун хойд талд |
Солбицол: | N47 54 21.3, E106 59 56.4 |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Дулмаалин хийд |
Дурсгалын төрөл: | Сүм хийд |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Баригдсан он: | XIX зуун |
Хийц, загвар: | Хятад загвартай |
Анхны зориулалт: | Сүм |
Бүрдэл хэсэг: | 2 |
Материал: | Мод, чулуу, хөх тоосго |
Хамгаалалтийн зэрэглэл: | Улсын хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Засгийн Газрын 2008 оны 175 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүс тогтоосон он, шийдвэр: | Засгийн Газрын 2003 оны 190 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүсийн хэмжээ: | 0,07 га |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Маймаа хотод долоон сүм байсны нэг нь Дара эхийн сүм юм. Уг сүмийг тус хотын хятад иргэдийн сүсэг бишрэлийг хүндэтгэж хотын зүүн өмнө талд барьжээ. Сүмийн барилгуудын хийц нь модон багана, хөх тоосгон хана, муутуу цаас наасан сараалжин цонхтой байжээ. Сүм нь эргэн тойрон хөх тоосгон хэрэмтэй, хэрэм нь өмнө талдаа том хаалгатай, зүүн талдаа жижиг хаалгатай. Гол сүмийн хойд болон баруун талд жижиг сүм байжээ. Гол сүмд хятад маягийн Дара эх бурхны зургийг халхлан залж, баруун талын хоёр давхар сүмд хашин хаан, цагаан өвгөнийг залсан байжээ.
Гол сүмийн урд сангийн хүрэл бойпор, түүний өмнө хэсэгт боржин чулуугаар уран сийлсэн 11 метр өндөр хоёр багана босгожээ. Баруун талын чулуун баганад: “Олон тивийн амьтанг зуурдын орноос гэтэлгэн тэнхрүүлнэ”, зүүн талын чулуун баганад: “Түмэн амьтныг их энэрэнгүй сэтгэлээр аварна” гэж хятадаар бичиж дээр нь хүн амьтан, хээ угалз, бичиг үсгийг маш уран чадварлагаар сийлсэн байна. Жил бүрийн зуны эхэн сарын 15-ны өдөр Дара эх бурхны буултын өдөр хэмээн хуушаан (лам) нар ном үйлддэг байна. Энэ өдрөөс эхлэн гурав хоног хятад ший тоглон, хятад, монгол хүмүүс цугларан, баяр ёслолын байдалтай өнгөрүүлдэг бөгөөд хүн бүр хүж асаан, цаас шатааж, хорин мөнгө өргөж мөргөл үйлддэг байжээ. Дара эхийн сүмийн урд Одон сүм байсан бөгөөд өдгөө түүнээс зөвхөн модон багана үлджээ.
Сүмийн үйл ажиллагааг 1937 онд хааж, ихээхэн сүйтгэн нураасан бөгөөд Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраас 1990 онд бүрэн хэмжээний хэмжилт судалгааг, 1991 онд Гол дуганыг сэргээн засварлах зургийг хийж, 1994-1995 онд сэргээн засварласан байна. Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг хадгалах төв 2001 онд Дара эхийн сүмийг дахин шинэчлэн засварласан бөгөөд тус сүмийг Дулмаалин хийд хэмээн нэрийджээ. Одоогоор тус хийдэд гэцүлмаа сахилтай эмэгтэй лам нар шавилан суудаг. Дулмаалин бол Монгол Улс дахь эмэгтэй санваартнуудын цорын ганц хийд юм.
Дара эхийн сүмийг 1941, 1961 онд улсын хоёрдугаар зэргийн, 1971 онд хотын, 1994, 1998 онд Улсын, хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад бүртгэн авчээ.
Дашням Л, Очир А. нар, Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал, УБ., 1999
Дүгэрсүрэн Л., Улаанбаатар хотын түүхээс, УБ., 1999
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004