Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Богдын Шар ордны үүдэнд байсан хоёр чулуун арслан |
---|---|
Адил утгатай нэр: | Байгалийн түүхийн музейн өмнөх хоёр чулуун арслан |
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Байгалийн түүхийн музейн үүдэнд |
Солбицол: | N47 55 20.1, E106 54 54.1 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Баригдсан он: | XIX зууны үе |
Хийсэн арга, техник: | Чулуун сийлбэр |
Тоо ширхэг: | 2 |
Хэмжээ: | Урт: 1,13 м, Өргөн: 0,63 м, Өндөр: 1,14 м |
Материал: | Боржин чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Нийслэлийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
XIX зууны үед бүтээгдсэн энэхүү хос чулуун арслан Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын төрийн Шар ордны шөргөн хашааны үүдэнд байжээ. 1910-аад оны үед Богдын ордны зураач Жүгдэрийн зурсан Нийслэл Хүрээ зурганд тус арслан дүрслэгдэн үлдсэн байдаг. 1954 онд нэрт газар зүйч О.Намнандорж энэхүү хоёр чулуун арсланг тухайн үеийн Улсын төв музейн үүдэнд буюу өнөөгийн Байгалийн Түүхийн музейн үүдэнд авчран байрлуулжээ. Энэхүү хос арсланг Богдын шар ордны хамгаалагч хэмээн үздэг байсан бөгөөд Богдын Шар ордон нь одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урд, IV дэлгүүрийн урд хэсэгт байжээ.
Монголчууд эрт цагаас дөрвөн хүчтэн түүний дотор арсланг айл гэрт эрхэмлэн ирсэн бөгөөд харуул хамгаалалтын бэлгэ тэмдэг болгон ихэвчлэн бурхан шүтээний байгууламжид орох хаалганы хоёр талд хосоор нь тавьдаг уламжлалтай байжээ.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад авсан.
Очбаяр Г., Цацралт С., Чингэлтэй хайрханы өвөрт, гэрэл зургаар өгүүлсэн түүх, УБ., 2015
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004
Пүрэв О., Монголын улс төрийн төв., УБ., 1994
Цэрэнчулуун А.,Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017