Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Н.К.Рерихийн амьдарч байсан байшин |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд, Отгонтэнгэр их сургуулийн зүүн талд |
Солбицол: | N47 55 04.9, E106 57 24.2 |
Давхрын тоо: | 1 давхар |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Олон Улсын Монгол судлалын холбоо, Рерихийн гэр музей |
Дурсгалын төрөл: | Түүхэн дурсгалт байшин |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Баригдсан он: | 1905 |
Анхны зориулалт: | Хувийн сууц |
Хийц загвар: | Орос загвартай |
Хэмжээ: | Урт: 19,3 м, Өргөн: 16 м, Өргөн: 3,5 м |
Тоо ширхэг: | 1 |
Материал: | Мод |
Хамгаалалтын зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Консулын дэнжид 1903-1905 онд баригдсан давхар модон цонхтой, хаж гоёл бүхий орос загварын энэ модон байшинд 1926-1927 оны өвлийн хэдэн сар зураач, эрдэмтэн Николай Константинович Рерих, түүний гэр бүл болон Төв Азийн экспедиц байрлаж байв. Николай Рерих нь 1923-1928 онд “Төв Азийн Экспедици” хэмээн алдаршсан Америкийн экспедицийг удирдан зохион байгуулж Энэтхэгийн Кашмир, Дундад Ази, Өмнөд Сибирь, Алтай, Монгол, Төвөд, Непал, Бутан зэрэг орноор аялан эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой мэдээ баримтыг цуглуулж, Монгол судлал болон Дорно дахины судлалын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан аялагч, зураач, эрдэмтэн юм. Тэрээр Улаанбаатар хотод байх хугацаандаа “Шамбалын Догшин хүрдэт хаан Рэгдэндагва” зургийг зурж, Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндоржид гарын үсгээ зурж бэлэглэсэн нь өдгөө Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна.
Монгол судлаач Николай Рерихийн хүү Юрийн шавь, Рерихийн Монголын Нийгэмлэгийн Олон улсын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич Ш.Бира энэ байшинг 2000 онд санамсаргүй тохиолдлоор анх олж илрүүлсэн байна. Тэрээр Рерихийн тухай номыг уншиж суухдаа академич Ш. Бира алдарт зураачийн нэгэн дүнзэн байшингийн өмнө авхуулсан зургийг анзаарчээ. Хэнд ч үл анзаарагдах энэхүү байшинг нэг их түвэггүйгээр Баянзүрх дүүрэгт байхыг харсан байна. Ийнхүү энэ байшин дүүргийн түүх соёлын дурсгалт барилгуудын хамгаалалтад орсон түүхтэй. Оросын худалдааны төлөөлөгчийн газар энэхүү байшинг он удаан жил элэгдэж хуучирсан хэмээж 1981 онд данснаас хасчээ. Байшинг сэргээн засварлах, амьдарч байсан эзнийх нь уран бүтээл, шинжлэх ухааны өвийг судлах ажлыг өрнүүлж, улмаар Н. К. Рерихийн нэрэмжит гэр музей нээхийг Ш.Бира санаачилж, улмаар Рерихийн гэр музейг тус байшинд 2009 оны зургаадугаар сарын 6-нд нээсэн байна.
Энэхүү байшин түүхэн дурсгалт хэмээн үзэж анх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001 оны 08 дугаар тогтоолоор, хамгийн сүүлд нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 тогтоолоор тус тус Баянзүрх дүүргийн хамгаалалтад авсан.
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017