Түүх, соёлын дурсгалт газрын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Гандангийн дэнж |
---|---|
Адил утгатай нэр: | Талхын дэнж |
Хаяг байршил: | Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Өндөр гэгээн Занабазарын гудамжны хойд төгсгөл хэсэг |
Солбицол: | N47 55 11.2, E106 53 41.4 |
Дурсгалын төрөл: | Дурсгалт газар |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Түүхэн үйл явдлууд: | 1838 онд Талхын дэнж дээр Их Хүрээнд нэгэн шинэ хүрээ Гандантэгчинлэн хийдийг байгуулснаас хойш Очирдара сүм, Зуугийн сүм, Дашчойнхор, Идгачойлин, Цогчин дуган, Бадма-Ёга, Жүдийн сүм, Гунгаачойлин, Мэгжиджанрайсагийн сүм зэргийг байгуулж, мөн V, VII, VIII Богдын шарилын сүм байрлаж байв. |
1838 онд Талхын* дэнжид V Богдод зориулан Гандантэгчинлэн хийд буюу Төгс баясгалант их хөлгөний хийдийг барьж байгуулснаар Их Хүрээний баруун талд лам нарын нэгэн шинэ хүрээ үүсчээ. Гандантэгчинлэн хийд байгуулагдсан цагаас тус дэнжийг хийдийн нэрээр буюу “Гандангийн дэнж” хэмээн нэрлэх болжээ. Гандангийн дэнжид Гандантэгчинлэн хийдийг тойрсон 20 гаруй аймгийн лам нар суудаг байсан бөгөөд тэдгээр нь Зүүн Хүрээндээ харьяалагддаг байв.
ХХ зууны эхэнд Гандангийн дэнжид Да лам Цэрэнчимэд, Дилав хутагт Жамсранжав, Манзушир хутагт Цэрэндорж зэрэг шашны томоохон зүтгэлтнүүд амьдарч байв.
1937 онд хийдийн хурал номын үйл ажиллагааг хааж, хуучны зургаан сүм, дуганаас бусдыг нураажээ. 1944 оноос номын хурлыг сэргээж, 1961 онд хийдийн цогцолборыг улсын хамгаалалтад авчээ. Эдүгээ Гандантэгчинлэн хийд нь Монголын бурхны шашны төв хийд юм.
* Гадаргуу дээрээ чулуугүй, жигд үйрмэг хөрстэй газрыг “талх” хэмээн нэрлэдэг.
Дүгэрсүрэн Л., Улаанбаатар хотын түүхээс, УБ., 1999
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004