Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Төрийн Шар ордон байсан газар |
---|---|
Адил утгатай нэр: | Дэчингалбын сүм |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруугийн гудамж, Их сургуулийн гудамжны уулзвар орчимд буюу Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урд хэсэгт |
Солбицол: | N47 55 34.5, E106 55 03.1 |
Дурсгалын төрөл: | Дурсгалт газар |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Түүхэн үйл явдлууд: | Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан зохион байгуулагч VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин, төрийг хослон баригч хаан ширээнд өргөмжилж, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсыг тунхагласан газар. |
ХХ зууны эхэн үед Нийслэл Хүрээнд Богд Жавзандамба хутагтын шар, ногоон, цагаан, хүрэн гэсэн дөрвөн ордон байв. Эдгээрээс Шар ордон нь төрийн ордон бүхий цогцолбор байлаа. Монголын XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний сайн өдөр Монгол Улсын тулгар төрийг нээн, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, үндэсний хувьсгалын удирдан зохион байгуулагч VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин, төрийг хослон баригч эзэн хаанаар өргөмжлөх төрийн их ёслол Шар ордонд болжээ. Богд хаан анхны зарлигаараа Засгийн газраа таван яамтай байгуулж, Улсын цол Монгол, оны цол Олноо өргөгдсөн хэмээн нэрийдэн, Их Хүрээг улсын Нийслэл Хүрээ болгон Монгол Улсыг сэргээн байгуулсанаа даяар олноо тунхаглан зарласан байна.
Нийслэл Хүрээний төв хэсэгт Анхдугаар Богд Өндөр гэгээнээс уламжлан ирсэн Шар ордон, Батцагаан цогчин дуган, Майдарын дуган, Баруун өргөө хэмээх Абтай сайн ханы өргөө зэрэг орд харш байжээ. Эдгээрийг тойроод Хүрээний гучин аймгийн гэр хэлбэрт модон дуган, хашаа, гэрүүд байрладаг байв. Богдын шар ордны хашааны дотор Төрийн ордон, Алтан дээвэртэй Дэчингалавын сүм, Рэгсэнгомбын сүм, Найман талт лаврин, Дара-Эхийн сүм, Очирдарын сүм болон хэд хэдэн гэр тугдам байжээ.
Богдын Шар ордныг 1937 онд олон нийтийн мөргөлийн газар байхыг хориглож, улмаар нураажээ. Уг ордон нь одоогийн Бага тойруугийн гудамж, Их сургуулийн гудамжны уулзвар орчимд буюу Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урд хэсэгт, дөрөвдүгээр дэлгүүрийн урд талд байжээ.
Батсайхан О., Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт, УБ., 2008
Өлзий Ж., Монголын дурсгалт уран барилгуудын түүхээс, УБ., 1992
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004
Пүрэв О., Монголын улс төрийн төв, УБ., 1994
Батсайхан О., Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт, УБ., 2008