Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Гэр хэлбэрт модон дуганууд |
---|---|
Адил утгатай нэр: | Вангай аймгийн дуган, Эрхэм тойны аймгийн дуган, Эх дагины аймгийн дуган |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Н.Содномын гудамж болон Чингис хаан дээд сургуулийн баруун талд |
Солбицол: | Вангай аймгийн дуган N47 55 37.4, E106 55 14.5 |
Эрхэм тойны аймгийн дуган N47 55 39.6, E106 55 14.1 | |
Эх дагины аймгийн дуган N475536.7, E1065510.7 | |
Одоо үйл ажиллагаа явуулж буй байгууллага: | Дашчойлин хийд |
Дурсгалын төрөл: | Сүм хийд |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Баригдсан он: | 1790, 1903 |
Хийц, загвар: | Монгол үндэсний архитектур |
Анхны зориулалт: | Хурлын дуган |
Бүрдэл хэсэг: | 4 |
Материал: | Мод, чулуу |
Хамгаалалтын зэрэглэл: | Улсын хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Засгийн Газрын 2008 оны 175 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүс тогтоосон он, шийдвэр: | Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоол |
Хамгаалалтын бүсийн хэмжээ: | 1,7 га |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Гэр хэлбэрт модон дуганууд нь Монголын үндэсний архитектурын дурсгал бөгөөд хуучин Их Хүрээ (одоогийн Улаанбаатар хот)-ний Зүүн хүрээ 30 аймгаас хадгалагдан үлдсэн гурван дуган юм. Аймаг гэдэг нь Их Хүрээнд шавилан суусан лам нарын шашны захиргааны үндсэн нэгж байсан ба аймаг тус бүр өөрийн дуган шүтээнтэй, түүндээ өдөр бүр хурал хурдаг байжээ.
Улаанбаатар хотын гэр хэлбэрийн дугануудад 1975-1976 онд хэмжилт судалгаа хийж, 1981-1982 онд сэргээн засварлажээ.
Өдгөө Эрхэм тойн, Вангаа аймгийн дуганд Дашчойлин хийд, Гэр хэлбэрт модон дуганд Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Гэр хэлбэрт модон дугануудыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 420 дугаар тогтоолоор анх улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад, Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 420 дугаар тогтоолоор хотын хамгаалалтад, Засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоол, 1998 оны 235 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад, өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад бүртгэн авчээ.
ЭРХЭМ ТОЙНЫ АЙМГИЙН ДУГАН
Тус аймаг нь 1740-өөд оны үед байгуулагдаж, одоогийн дуганы модон барилга нь 1778 онд баригджээ. Өдгөө тус дуганд Дашчойлин хийдийн Сахиусны дуган байрлаж байна. XVII зууны эцэст байгуулагдсан Эрхэм тойны аймгийн сүм дугануудаас өдгөө гурав нь л үлджээ. Нэг нь том нөгөө хоёр нь нийлүүлэн барьж, хаалгаар холбосон жижиг дуганууд юм. Түүний анхных нь V, VI Богд Жавдандамбын үед баригдан 300-аад лам хурал хурж байжээ. Тэдгээр дуганаас үлдсэн гурван дуганы том нь 19 м гочтой, 6 м өндөр, голдоо 6 баганатай, дөрвөн цагираг нуруутай, зассан чулуун суурьтай модон гэр юм. Нөгөө хоёр дуганыг нийлүүлэн барьж хаалгаар холбосон байна. Түүний хойт жижиг гэр дуган нь 9.5 м голчтой, 5м орчим өндөр, голдоо 4 багана, засаагүй чулуун суурьтай, хаалга, цонхгүй, зөвхөн урд жижиг гэрийг дамжин гадагш гардаг байжээ. Урд жижиг гэр дуган нь 7,5 м голчтой, 4 м өндөр, засаагүй чулуун суурьтай, дөрвөн баганатай байжээ. Эрхэм тойны аймагт угсаа залгамжилсан ноёд, тайж нарын хүүхдүүд шавилан суудаг байжээ. Язгууртан хүний хүүхэд лам болвол тойн гэдэг байсантай холбоотойгоор ийнхүү нэрлэжээ. Эрхэм тойны аймгийн дуганд 300-аад лам ном хурдаг байжээ.
ВАНГАЙ АЙМГИЙН ДУГАН
Энэ аймаг нь 1757 онд байгуулагдаж, одоогийн модон дуганы барилга нь 1790 оны орчим баригджээ. Өдгөө энэ дуганд Дашчойлин хийдийн Цогчин дуган байрлаж байна.
Түшээт хан аймгийн засаг ноён Санзайдорж 1740 онд Их Хүрээнд сүм байгуулснаа 1757 онд аймаг болгохыг хүссэнд II Жавзандамба хутагт зөвшөөрч, төвөд үсэгтэй гуулин тэмдэг олгожээ. Жүн ван хэргэмтэй ноён байгуулснаас Вангийн аймаг хэмээн нэрлэсэн нь сунжирсаар Вангайн аймаг гэж нэршжээ.
Вангай аймгийн дуганд 500-600 орчим лам ном хурдаг байжээ. Төв аймгийн Бүрэн, Лүн, Эрдэнэсантаар нутагладаг хүмүүс ирж энэхүү аймгийн дуганд шавилан суудаг байжээ. Хийц нь Эрхэм тойны аймгийн том дуганатай ижил бөгөөд 19 м голчтой , 6 м өндөр юм.
ЭХ ДАГИНЫ АЙМГИЙН ДУГАН
Их хүрээний сүүлчийн 30 дахь аймгийг дуганы хамт 1903 онд VIII Богд Жавзундамба хутагтын хатан Дондогдуламд зориулан байгуулж, Эх дагины аймаг хэмээн нэрлэжээ. Чойнхор бурхныг шүтээн болгож, 1000 орчим лам хурал хурдаг байсан тус дуганы хурал номын үйл ажиллагааг 1938 онд хаажээ. 1930-аад оны сүүлчээр энэ дуганыг циркийн зориулалтаар ашиглах шийдвэр гарсан байна. Ингэснээр дуганы дотоод зохион байгуулалтыг ардын зураач Намхайцэрэн гүүрийн холбоос хийх аргаар өөрчлөн циркийн манежийг бүтээжээ. Ийнхүү циркийн зориулалтаар өөрчлөн засварлаж, 1971 онд Улсын цирк шинэ барилгатай болсноор “Хуучин цирк”-ийг өнөөг хүртэл циркийн сургууль болгон ашиглаж байна. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гал гарч, доторх бүх хээ угалз шатаж алга болсон юм.
Дашням Л., Очир А. нар, Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал, УБ., 1999
Өлзий Ж., Монголын дурсгалт уран барилгын түүхээс, УБ., 1992
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006
Сэрээтэр Ө., Монголын Их Хүрээ, Гандан хийдийн түүхэн бүтцийн товч, УБ., 1999