Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Монгол Улсын их сургуулийн хичээлийн төв байрны өмнөх хоёр чулуун арслан |
---|---|
Адил утгатай нэр: | Чин Сүжигт Номун хан хутагтын хийдийн чулуун арслан |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн төв байрны үүдэнд |
Солбицол: | N47 55 21.0, E106 55 08.5 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Баригдсан он: | XIX зууны үе |
Хийсэн арга, техник: | Чулуун сийлбэр |
Тоо ширхэг: | 2 |
Хэмжээ: | Урт: 0,9 м, Өргөн: 0,35 м, Өндөр: 2,09 м |
Материал: | Боржин чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Нийслэлийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
XIX зууны II хагаст бүтээгдсэн хос чулуун арсланг Баянхонгор аймгийн Галуут сумын Чин сүжигт Номун хан хутагтын хийдийн Цогчин дуганы үүдэнд байсныг 1944-1948 онд МАХН-ын Төв хороооны суртал, ухуулга эрхэлсэн нарийн бичгийн дарга,1948-1951 онд МУИС-ийн ректороор ажиллаж байсан Б.Ширэндэв 130 гаруй жилийн настай тус арсланг 1954 онд Монгол Улсын Их Сургуулийн төв байрны үүдэнд авчирч байрлуулжээ.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газар өөрийн орны төрийн тусгаар тогтнолын асуудлаар бүх ард түмний санал хураах ажлыг 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр явуулахаар тогтоол гаргажээ. Тухайн үед санал хураалтын ажлыг явуулах Улс нийтийн төв комисс байгуулсан ба Б.Ширэндэв гуай Өвөрхангай, Баянхонгор аймгийг хариуцан сар шахам ажиллажээ. Тэр тухай өөрөө ийн дурсаж: “Баянхонгор, Өвөрхангай аймагт орон нутгийн домогт газар, түүхт хүмүүс, дурсгалт зүйлийг сонирхон тэмдэглэж явсан билээ. Баянхонгор аймгийн төвд үлдсэн хуучин Галуутын хүрээний барилгын үлдэгдэл, мөн түүний баруун талд ойролцоо байдаг Мандал сумын Номун хааны хүрээний барилгын чулуун гоёл сийлбэр, модон эдлэлийг харахад уран чадвартай авьяаслаг ард олон хүрээ хийдийг барихад оролцож байсан гайнхамшигт зүйлс байв. Дээрх Номун хааны хүрээн дээр хэрэглэхгүй хаясан хоёр том чулуун арсланг суурь чулууны хамт тэнд явж байсан Тээврийн яамны нэгэн ачааны машинаар Улаанбаатарт хүргүүлэн, тэндээс ирсэн хойноо Улсын их сургуулийн гол барилгын үүдэнд босгуулан тавьсан нь одоо болтол байдаг юм. Энэ хоёр арсланг Баянхонгор аймгийн Баруун урд зүгийн нэгэн сумын ард өнгөрсөн зууны 80оны орчим ганц цүүцээр сийлэн урласан гэсэн мэдээ бий. Бид тэгж явахдаа уг чулуун сийлбэрийг урласан дархны гэрт намайг дагалдаж явсан Л.Дүгэрсүрэнг очуулсан юм. Л.Дүгэрсүрэн тэр айлд очиж гэргийтэй нь ярихад тэрээр уг мэдээг нотлон нөхрийнхөө эдэлж байсан ган хошуутай цүүцийг үзүүлэв гэж ярьж байсан бөгөөд тэр хүний нэр овгийг тэмдэглэж авсан байсан. Арсланг их сургуулийн үүдэнд босгосны дараа би түүнийг хийсэн нөгөө ардын тухай сонинд өчүүхэн мэдээ бичиж мөнхжүүлэх гэвээс нөгөө Дүгэрсүрэн маань “Тэр мэдээ миний гэрт нэг юманд бий, би авчирна” гэсээр байгаад сүүлдээ түүнийгээ хаана хийснээ олохгүй байна гэсээр өнгөрсөн нь харамсалтай хэрэг болсон юм” гэжээ.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр чулуун арсланг Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад авсан.
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017