Түүх, соёлын дурсгалт газрын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Д.Нацагдоржийн төрсөн газар |
---|---|
Адил утгатай нэр: | Гүн галуутайн Аягын ам |
Хаяг байршил: | Багануур дүүргийн 3 дугаар хороо, дүүргийн төвөөс урагш 17 км зайд, Аягын аманд |
Солбицол: | N47 38 24.1, E108 22 53.5 |
Дурсгалын төрөл: | Дурсгалт газар |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Түүхэн үйл явдлууд: | Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн 1906 оны 11 дүгээр сарын 17-нд төрсөн газар. |
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Дашдоржийн Нацагдорж 1906 оны арван нэгдүгээр сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай нуур хэмээх газар, тодорхой гэдэг газрын Мэлз уулын Аягын ам гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ.
Багануур дүүргийн Зохиолчдын эвлэлийн хорооны дарга Д.Цэдэв их зохиолчийн төрсөн гэрийн буйрыг тэмдэгжүүлэх санаачлагыг анх гаргаж, анхны гар зургийг хийсэн ба тэрхүү загвар зургийг дүүргийн Эвлэлийн хорооны дарга П.Цогтбаатар, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн эвлэлийн хорооны дарга н.Дашням нар засаж, сайжруулжээ. Ингээд 1983 онд Хилчин, уурхайчин залуучуудын чуулга уулзалтын үеэр их зохиолчийн төрсөн газрын гэрийн буйрын дээр дурсгалын хөшөө босгох, тохижуулах ажлыг н.Дамдин хийж гүйцэтгэжээ.
Их зохиолчийн төрсөн гэрийн буйрын дээр босгосон хөшөөг 2003, 2006, 2007 онуудад Хилийн цэргийн 0252 дугаар анги, Багануур ХК шинэчлэн засварласан байна.
Дашдаваа Ж., Он цагийн дуртгал (Багануурын бүтээн байгуулалтад), УБ., 2005
Содном Б., Нацагдоржийн намтар зохиол, УБ., 1966