Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Хүрээний их зээл буюу худалдааны гудамж |
---|---|
Адил утгатай нэр: | Жуулчны гудамж |
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 1, 3 дугаар хороо, Жуулчны гудамж буюу Дүрслэх урлагийн музей, Барилгачдын талбайгаас баруун тийш Бөмбөгөр худалдааны төвийн урд талын Их тойруу, С.Чоймболын гудамжны уулзвар хүртэл |
Солбицол: | N47 55 12.7, E106 54 28.9 |
Дурсгалын төрөл: | Дурсгалт газар |
Түүхэн үе: | Манжийн үеийн Их Хүрээ (1706-1911) |
Түүхэн үйл явдлууд: | XVIII зууны сүүлчээс XX зууны эхэн хүртэл худалдааны хамгийн том төв гудамж байсан газар. |
Улаанбаатар хотын худалдааны анхны гудамж XVIII зууны эцсээс XIX зууны эхэнд үүсчээ. Энэ гудамж дундуур Баруун Сэлбийн гол урсдаг байсан бөгөөд одоогийн Барилгачдын талбайгаас баруун тийш Урт цагаан, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын замын уулзвар хүртэл худалдааны захууд байжээ. Энд хүнс, мах, төмөр, мод, чулуу, алт мөнгөний төрөлжсөн зах байснаас гадна монгол урчууд, хятад, орос тэргүүтэй гадаадын худалдааны пүүсүүд байрлаж байв.
Ардын хувьсгалын жилүүдэд гудамжны байдал ихээхэн өөрчлөгдөж, гудамжны зүүн үзүүрт буюу замын урд талд одоо Христийн сүм байрлаж буй байшинд 1921 онд Монголын харилцан туслалцах хоршооны төв дэлгүүр (анхны их дэлгүүр) нээгдэж, 1930 онд одоогийн Г.Занабазарын нэрэмжит Дүүрслэх урлагийн музейн байшинд шилжин орсноор “Өндөр хоршоо” хэмээн алдаршжээ.
1936 онд Худалдааны гудамжинд “Шар дэлгүүр” гэж нэршсэн үлгэр жишээ дэлгүүрийг барьжээ.
1940-өөд онд хотын захиргааны харъяа халуун ус, үсчний газар, үйлдвэр хоршооллын дэлгүүр, мухлаг, гуанз зэрэг худалдаа, үйлчилгээний цэг, салбарууд энэ гудамжинд байгуулагдан ажиллаж байв.
1954-1961 онд хэрэгжсэн Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр худалдааны гудамжийг өргөтгөж, хойд хэсэгт архитектор Б.Дамбийнямын зураг төслөөр Хоршооллын Худалдаа Үйлчилгээний Нэгдсэн Төвийн барилгыг барьсан нь “Урт цагаан” хэмээн нэршжээ. Худалдааны гудамжийг 1970 онд Октябрийн, 2002 онд Жуулчны гудамж гэж нэрлэжээ.
Пүрэв О., Сүхбаатар О., Нийслэлийн өв соёл, УБ., 2006
Очбаяр Г., Цацралт С., Чингэлтэй хайрханы өвөрт, гэрэл зургаар өгүүлсэн түүх,УБ., 2015
Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004