Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | “Халуун элгэн нутаг” дуунд зориулан босгосон хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, Олимпийн гудамжны уулзварын зүүн урд хэсэг, Гадаад хэргийн яамны баруун талд |
Солбицол: | N47 55 01.0, E106 55 13.4 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1999 |
Зураг төсөл зохиогч: | Д.Батдорж |
Хийсэн арга, техник: | Чулуун сийлбэр |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 3,65 м, Өргөн: 0,45 м, Өндөр: 1,29 м |
Материал: | Боржин чулуу, гантиг чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
1960-аад оны сүүлчээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа үгийг нь зохиож, Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Намсрайжав хөгжмийг нь бичсэн “Халуун элгэн нутаг” хэмээх энэ дуу нь үе үеийн хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон бүтээл юм. 1999 онд Зууны мэдээ сониноос явуулсан санал асуулгаар XX зууны манлай дуу болсон бөгөөд тухайн жилдээ “Халуун элгэн нутаг” дуунд зориулан Д.Батдоржийн эх загвараар эхний бадгийн нотыг Монгол Улсын газрын зургийн хэлбэр бүхий хавтгай чулуунд сийлж бүтээсэн. Боржин чулуун энэхүү хөшөө нь дуунд зориулсан Монгол Улсын анхны хөшөө юм.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017