Нийслэлийнхээ бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүндэт буурлуудаасаа ярилцлага авах нь бидний үүрэг гэж боддог. Профессор Ойдовын Сүхбаатар гуай Улаанбаатар хот ид баригдаж байх үед хүн ам зүйн судалгааг ахлаж байсан, газар зүйч мэргэжилтэй хүн. Түүний амьдрал 120 мянгаттай салшгүй холбогдох бөгөөд тэрбээр бидний урьд сонсож байгаагүй олон түүх, дурсамжуудыг хуучилсан юм.
Хэрсүүд газар зүйчийн бага нас
1942 онд намайг төрөхөд манай гэр бүл ээжийм төрсөн нутаг Завхан аймгийн Сонгино сум руу шилжсэн ч буцаж хотдоо ирсэн гэдэг. Эцэг эх наань хоёул бичиг номтой жирийн иргэд байв. Ээж номын санд ажиллаж, аавыг өөд болсны дараа Оёдлын VI нэгдэлд орсон юм. Ээж маань их уран хүн байлаа. Тус нэгдлийн хамгийн сайн оёдолчдын нэг учраас шаардлагатай үед шөнө дүлээр ч гэсэн ажлаас нь дуудна. Гадаадын зочид гийчдэд монгол хувцас өмсгөдөг уламжлал тэр үеэс эхлэлтэй. Нэг сонирхолтой явдал болсныг би мартдаггүй юм. Комбужийн хаан хатантайгаа Монголд айлчлах сургаар ээж маань хоёр дээл бэлэн болгочихоод хүлээж байж л дээ. Гэтэл өнөө хаан чинь хоёр эхнэртэйгээ хүрээд ирж. Нэг эхнэр нь маш өндөр, биерхүү хүн байв. Тэгээд ажлынхан нь сандралдан, мэг шөнө ээжийг маань шөнийн 2.00 цагт ирж авч байлаа.
Аав ээжийн аль аль талынхан нь хуучнаар Засагт хан, одоогийн Завхан аймгийн өөр өөр суманд ажиллаж амьдарсаар ирсэн. Аавын талынхан Хэрсүүд овогтой, ээжийн талынхан Алаг адуу овогтой. Аавын дээдэс ноёны үр сад, Боржигон овгийн бичиг номтой хүмүүс байсан гэдэг. Тэд Чингүүнжавын бослогын үед хэлмэгдэж, улмаар Боржигон овгоос хасуулан, хожим Хэрсүүд овогтой болсон түүхтэй.
Миний хувьд Хүүхдийн номын ордны хуучин яслиас эхлээд 1962 онд нийслэлийн II сургуулийг дүүргэсэн. 1966 онд МУИС-ийг газар зүйн багш мэргэжлээр төгсөж, тэндээ цагийн багшаар ажиллангаа ШУА-д хүн амын гаэар зүйн чиглэлээр мэргэшиж, уг мэргэжлээрээ АШУҮИС-д хүн амын судалгаан дээр ажиллаж, "Чингис хаан" дээд сургуулъд багш, орлогч захирлаар, 2009 оноос одоог хүртэл МҮИС-д багшилж байна. 1966-1996 он хүртэл хүн амын шилжих хөдөлгөөн, байршил, хүн амын тооны хэтийн төлөвийн төслүүд дээр ажиллаж, төрийн болон төлөвлөгөөний байгууллагуудад товхимол хэлбэрээр зөвлөмж өгч байв. Мөн уудам эх орноо бүхлээр нь судалж, үржил шимтэй газрууд хаана байдаг, урьд нь хүн олноороо суурьшиж байсан ямар газрууд байдаг гэхчлэн судалдаг байлаа. Тухайн үед Монгол оронд 1200 гаруй агуй байгааг тогтоож, 400 гаруйгаар нь биечлэн очиж байв.
Би Хүүхдийн парк орчмын гэр хороололд, мөн Үйлдвэрлэл урлалын коллежийн хавьд буюу хотын хамгийн хойд хэсэгт бага насаа өнгөрүүлсэн. Одоогийн 14 дүгээр сургуулиас Төмөр замын удирдах газар хүртэлх хэсгийг "Дүнжингаравын дэнж" гэдэг байлаа. Тэнд л бидний бага нас өнгөрсөн дөө. Багадаа шавилхан биетэй байсан учраас 10 нас хүртлээ хурдан морь унаж, түрүүлж, айрагдаж байлаа. Нийслэлийн I сургуульд тэр үед дан охид, II сургуульд дан хөвгүүд сурдаг байсан юм. Гэхдээ төдхөн өөрчлөгдсөн л дөө. УДЭТ-ыг хандиваар босгоход суурийг нь ухах ажилд манай сургуулийнхан дайчлагдаж, VIII ангидаа би тэр ажилд оролцож байлаа. Гэвч насанд хүрээгүй хүүхдүүдээр хүнд ажил хийлгэлээ гэдэг үүднээс удалгүй болиулсан. Бид бас Хүүхдийн ордны суурийг ухсан. Эдгээр газраар орж гарч, тоглолт үзэхэд их сайхан байдаг. Амьдарч буй хоттойгоо ямар нэгэн сэжмээр холбогдсон гэдгээ мэдрэх сайхан шүү дээ.
Завханы товгор анхны "хороолол" болсон нь
1956 онд анх хорооллын хэв шинжтэйгээр "Нэхмэлийн шар" орон сууцнуудыг хятадууд барьсан юм. Дараа нь 40 мянгатыг оросууд, 50 мянгатыг хятадууд, 40 мянгатын өргөтгөлийг оросууд, 120 мянгатыг хятадууд, XV хорооллыг оросууд, 220 мянгатыг хятадууд, III, IV хорооллыг оросууд барьж, хоорондоо "өрсөлдөж" байсан. Эдгээр барилга өөр өөр архитектуртай учир нийслэлийг ихээхэн чимдэг байв. Энхтайваны гүүр, Улсын их дэлгүүр, Улаанбаатар эочид буудлыг хятадууд барьж өгсөн гэдэг. Үнэндээ монголчууд хөрөнгийг нь гаргаж хятадуудаар бариулсан түүхтэй. Энэ талаар хүмүүс ташаа ойлголттой байдаг. Харин дээр дурдсан орон сууцны байруудыг хятадын хүүгүй зээлээр барьсан юм.
Хороолол гэсэн тодотголгойгоор баригдсан анхны орон сууцнууд бол 120 мянгат. Энэ хавьд урьд нь баруун аймгийнхан, ялангуяа Завханыхан их төвлөрч байсан учраас "Завханы товгор" гэдэг байв. Хятадууд анхны барилгуудаа нисэх онгоцны буудлаас Засгийн газрын ордон хүрэх зам дагуу ил харагдаж байхаар барьсан нь тэдний өөрсдийнх нь сонголт юм. Ийнхүү 120 мянгатын 22 байрыг 1964-1965 онд ашиглалтанд оруулж, үлдсэнийг нь 1966 онд өгсөн. Тэр жилд нь Туул гол хүчтэй үерлэж, энэ байрнуудын I давхрын цонхыг даван ус хальсан ч дотогш бараг нэвтрээгүй. Эдгээр байр одоогийн шинэ барилгуудаас хавьгүй илүү бат бөх, чанартай. Хоёр голын салхи дээш доош зөрж салхилдаг учраас энэ хавьд утаа тогтохгүй, цэвэр агаартай, тохилог, бүх үйлчилгээ төвлөрсөн, Цэнгэлдэх хүрээлэнтэй болон байгальтайгаа ойр гээд хамгийн сайхан хороолол байлаа. Одоо бараг ширгэчихээд байгаа Дунд гол сайхан зүлэгтэй, загас жараахайтай байсам юм шүү. Бид хүүхдүүдээ дагуулаад стадион, мөсөн гулгуурын талбай орж тоглоно. Богд уулын ээрлэг амьтад 1989 он хүртэл хот руу байнга орж ирдэг байлаа. Манай байрны дэргэд буга явж, стадион хавиар үнэг их ирнэ. Манай охин буганы яг хоншоор дээр талх тавьж өгнө гээд л талхаа үүрүүлж суудаг байсан юм. Сүүлдээ буганууд олширч, хааяа хужирсаад ирэхээрээ том дөрвөлжин хогийн сав руу орчихно. Нэг өдөр 52 дугаар сургуулийн манаач бугануудыг хөөтөл нэг нь манаачийг хашаатай хавсарч мөргөж билээ. Манай энэ хавийг ажилчны дүүрэг гэдэг ч 120 мянгатад ажилчид гэхээсээ урлагийнхан их амьдарна. Харин 19 дүгээр хороололд ихэнхдээ ажилчид амьдардаг. Бид хорооноос зохиосон арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог, урлаг соёлын сайхан тоглолтууд байнга болдог байлаа. МУГЖ, дуучин Л.Цэрэнпэл, МУАЖ Т.Хандсүрэн гээд урлагийн олон хүн энд амьдардаг байсан. Одоо хуүчцуулаас хуруу дарам цөөн хүн үлдэж дээ. Өнгөрсөн жил 120 мянгат байгуулагдсаны 51 жилийн ой болж, олон сайхан арга хэмжээ зохион байгуулагдсан.
Хэзээд хуучиршгүй 120 мянгат
Эхнэртэйгээ гэрлэсний дараа 1968-1972 он хүртэл 120 мянгатаа хажуу өрөө хөлсөлж, бас хадмындаа амьдарч байлаа. 1972 оноос 19 дүгээр хорооллын 41 дүгээр байранд амьдарч, 2000 оноос одоог хүртэл 120 мянгатын V байранд оршин сууж байна. 120 мянгатын байрууд их дулаахан, түүнчлэн II давхарт амьдарч байгаа нь нас ахиж яваа бидний хувьд их тохиромжтой. Манай байр маш чанартай баригдсаны бас нэг шалгуур гэвэл дээд зэргээр хатаасан модон шалны завсраар зүү тэвнээс өөр юм орохооргүй нарийн шахаж хийсэн явдал. Хааяа ус алдахад доод давхрын айл руу ус нэвтэрнэ гэж байхгүй, хучаас нь тийм сайн. Гал тогооны өрөөний цонхон доор салхины нүхтэй, түүний наана шүүгээтэй. Энэ нүхээр гаднаас агаар орж ирэх тул байшин чийгтэх нь бага. Харин наад талынх нь шүүгээнд хүнсээ хийхээр зайрмагтаж хөлддөг. Бас унтлагын өрөөний хананд хувцасны шүүгээтэй. Энэ хавийн орон сууцны гадна талын будаг халцарч ховхрох нь бага. Тиймээс 1964-1990 он хүртэл нэг ч удаа засвар хийгээгүй. Сүүлийн 3-4 жилд л гадна талыг нь будах ажил хийсэн. Засвар хийхгүй байгаа болохоор одоо дээврээсээ шавар унах болсон.
Хотын барилгууд, тэдгээрт тулгамдаж буй асуудлууд
Тухайн үеийн барилгууд бүгд өөр өөр дизайнтай, нэг нь ч давтагдахгүй. МУИС, Төв номын сан, УДЭТ, УДБЭТ, Хүүхдийн кино театр, Үйлдвэрчний төв зөвлөл, Хуримын ордон гээд бүгд их өвөрмөц. Засгийн газрын ордон урьд нь цасан цагаан өнгөтэй байсан. Их гоё харагддаг байлаа. Харин саарал өнгөтэй болсныхоо дараа БНАСУ-ын нэг хотын барилгатай их адилхан болсон шүү. Би зургийг нь харсан юм. Холоос Хүүхдийн ордон их далайд хөвж яваа том усан онгоц шиг харагддаг байсан бол одоо дэргэдүүр нь өндөр барилгууд баригдаад сүрийг нь дарчихжээ. Хүүхдийн урлан бүтээх төв нь герман, польшийн архитектурын хэв шинжтэйгээрээ ихээхэн онцлогтой. Хятадууд 19-ийн үйлчилгээиий төвийн дизайнд Шанхай хотын архитектурын хэв шинжийг шингээх гэж оролдсон байдаг. Сүүлийн үед хуучны байруудыг маш ихээр акталж байна. Үнэндээ эдгээр байр бат бөхийн хувьд илүү сайн, мөн байршил сайтай. Байрууд хоорондоо хол зайтай учир тэрийг нь ашиглаж завсар чөлөөгүй барилга барьснаар120 мянгат, 40 мянгат, Нэхмэлийн шар гэх мэт хуучин барилгуудын үнийг бууруулж, улмаар газрыг нь хувьчилж байна. 40 мянгат болон 120 мянгатын барилгын суурийг хэчнээн гүн ухсаныг бид мэднэ. Ний нуугүй хэлэхэд хотод хүчтэй газар хөдлөлөө гэхэд 120 мянгат, 40 мянгат, угсармал барилгууд л үлдэнэ. Шинэ барилгууд архитектур сайтай ч хятад арматур төмөр ашиглаж блокоор барьсан учраас найдваргүй. Ийм барилгууд 7-8 баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсэх эсэхийг мэдэхгүй. Барилгуудыг дэгдүү хурдан барьж байгаа нь осолтой. Бэхжилт байх ёстой атал бэхжүүлэхгүй байиа. Угсармал байрууд хавтан хавтангаараа унадаг учир хамгийн аюултай гэж ярьдаг нь худлаа. Угсармал байшингууд Гитлерийн үед Германд бий болсон түүхтэй. Дэлхийн II дайны хөлд германчууд өч төчнөөн бөмбөгдүүлсэн ч бүгд угсармал байртай байсан учраас харьцангуй цөөн хүн амь алдсан байдаг. Угсармал байр дээрээс шууд дарж унадаггүй, дамнаж унадаг учир доор нь байгаа бүх хүн дарагддаггүй юм. Манайд хуучны гэж хэлэгддэг барилгууд үнэн хэрэгтээ хуучны барилгад тооцогдохгүй. Европ, Азийн зарим орнуудын барилга 100-1000 жилийн түүхтэй. Гадны орнуудад барилга сэргээн засварлах газрууд байдаг. Тэд барилгын чийгийг хянаж, тоосгыг нь хүртэл шинээр солин янзалдаг. Гол нь бага багаар яг хуучин загвараар нь засч шинэчилдэг. Харамсалтай нь манайд тийм байгууллага алга. 1990 оноос өмнө бол хотод хэт төвлөрөлт үүсэхээс сэргийлэн дагуул хотуудыг байгуулж, хөл хөдөлгөөний шилжилтэнд өндөр хяналт тавьдаг байсан. Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэртэй ч иргэд нь нийслэлдээ төвлөрч байгаа нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Хотод хүн амын хэт төвлөрөл үүссэнээр ажилгүйдэл ихээр бий болдог нь жам. 1992 онд Үндсэн хуулиараа хот, хөдөөгийн заагийг арилгасан. Иргэн хүн амьдрах газраа өөрийн дураар сонгох хууль нь хамгийн аюултай юм. Төр засаг тэр бүгдийг эохицуулж, шийдэж, байршлыг сонгох ёстой юм. Социализмын үед ийм дэгтэй байсан учраас Улаанбаатар маань цэгцтэй, цэвэрхэн, Азийн цагаан дагина байлаа. Одоо бол бүх зүйл эсрэгээрээ болжээ.
Ярилцлагыг: Д.Дашмөрен
Гэрэп зургийг: О.Төгсбипэг
Нийслэл Guide сэтгүүл №55 / Би энд амьдардаг булан