Би "Сансар"-т амьдардаг

Өөрөө орд харшид амьдарч байгаагүй ч тэдгээрийг барьж, бүтээлцэж ирсэн хүн бол Монгол улсын гавъяат барилгачин Б.Равдансамбуу гуай юм. Тэрбээр МУИС-ийн эдийн засгийн ангийн анхны төгсөгчдийн нэг, Нийслэлийн тухай түүний дурсамж биднийг тухайн үеийн макро түвшний сэтгэлгээтэй танилцууллаа.

Улсынхаа нийслэлийн барааг анх харсан нь

Би Увс аймгийн Сагил сумын "Хоолойн ам" гэдэг газарт 1926 оны зургадугаар сарын 15-нд Шангуучин овогт Батын хөвгүүн болж төрсөн. Аав Бат, ээж Дулам нар амьдрал холбож, гурван хүү төрүүлсний ахмад нь би байв.

Анх 1944 онд 18 настайдаа нийслэлд хөл тавьснаас хойш 72 жил суурьшин амьдарч байна. Намайг нийслэлийн ууган иргэн гэж хэлж болно. Миний хүүхдүүд, ач, гуч нар гээд манайхан гурав, дөрвөн үеэрээ Улаанбаатар хотод аж төрж байна даа.

Нийслэлтэй хувь тавилангаа холбосон үеэ санан дурсвал, Дэлхийн II дайн Монгол оронд маань нөлөөлсөн цөвүүн цаг байв. Монголын ард түмэн Германы фашистын эсрэг тэмцэж байгаа зөвлөлтийн ард түмэнд туслах зорилгоор агт морьд бэлэглэх, мөнгө, дулаан хувцас цуглуулах ажлыг газар сайгүй өрнүулж байлаа. Бүхнийг фронтод зориулж байсан үе болохоор Зөвлөлтөөс нийлүүлдэг байсан бараа таваар, цай, тамхи, гурил будаа, бөс даавуу тасалдаж, оронд нь хээрийн өвс ургамлыг уудаг цай, татдаг тамхи болгож, хуучин хувцсаа сэлбэн өмсөж байв.

Би Бөхмөрөн сумын бага сургуулийг төгсөөд аймгийн төв Улаангомд бүрэн бус /долоон жил/ сургуульд орж гурван жил суралцсан. Үүний дараа Улсын их сургуульд суралцахаар хэдэн хүүхдийн хамт “ЗИС” ачааны машины тэвшин дээр суугаад долоо хоног явж байж нийслэлийн барааг харж байлаа. Бид замдаа өмсөж явсан уранхай тэрлэг, салбарч ханзарсан монгол гутлаа, бас нийслэлд хоол бэлэн гэж хууртагдаад арвайн гурилаа хүртэл хаяад хотод орж ирж билээ. Гэтэл энд бэлэн зэлэн зүйл гэж юу байх билээ. Одоогийн чихэр боовны "Өгөөж" ХК-ийн барилгын суурин доор байсам оюутны байр нэртэй гурван жижиг байшинд бид байрлаж, ус талхаар гол зогоож, зарим нь хөл нүцгэн явсаар есдүгээр сарын 1-тэй золгов. МУИС байгуулагдаад хоёрхон жил болж байсан болохоор тэр үед бид юм юмаар л гачигдаж байсан.

Манай сургууль одоогийн "Зориг сан"-гийн хоёр давхар байшинд үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм. Удалгүй одоогийн ҮЭХ-ны байшингийн буйран дээр байсан дан байрны гуанзанд талоноор үнэгүй хоол иддэг боллоо. Мөн стипенд тогтоогдож, амь зуулгаа залгасан.

Өвлийн улиралд их даарч хөрдөг байж билээ. Ялангуяа 1944 оны зудтай өвел бид чичирч дагжин хичээллэдэг байлаа. Гэхдээ өвчин ер тусч байгаагүй. Эрүүл агаар, эрүүл орчинд амьдардаг учраас тийм сайн дархлаатай байсан байх. 1945 онд дайн дуусч, дараагийн жилүүдээс Зөвлөлтөөс нийлүүлэх цай, тамхи, бөс даавуу, цаас, харандаа, үзэг, бэх нэмэгдсээр нөхцөл байдал сайжирсан юм.

"Бид замдаа өмсөж явсан уранхай тэрлэг, салбарч ханзарсан монгол гутлын, бас нийслэлд хоол бзлэн гэж хууртагдаад арвайн гурилаа хуртэл хаяад хотод орж ирж билээ."

Соёлын довтолгоо

XX зууны эхэн үед монголчуудын дийлэнх нь бичиг үсэггүй байлаа. Соёлын довтолгоо амжилттай өрнөснөөр бид уншиж, бичиж сурсан. Би МУИС-ийн анхны эдийн засгийн ангийн төгсөгчдийн нэг юм. Эхлээд хоёр жил бэлтгэл ангид суралцаж, арван жилийн боловсролыг бүрэн эзэмшсэн. Эдийн засгийн ангийн хичээлийн хөтөлбөр орос хэлээр явагддаг байлаа. МУИС-ийн нэр нь монгол боловч орос их сургууль байсан гэхэд үнэнээс хөл зөрөхгүй. Би их мэрийлттэй оюутан байсан. Хуучнаар Ленин клубт байнга цэнгээнт бүжиг, үдэшлэг эохион байгуулагдана. Харин би зугаа цэнгэл хөөлгүй, Марксын "Капитал”-ыг уншиж үдшийг номтой өнгөрүүлэхдээ жаргалтай байдаг байв.

Би их сургуулиа төгсөөд Засгийн газраас өгсөн таван ханатай гэрээ хуучны Усны гудамжинд айлын хашаанд барилаа. Хятадууд тэр гудамжаар ус зөөдөг, зөөхдөө“Ус аваарай, ус аваарай" гэж хашгирдаг байсан болохоор ингэж нэрлэсэн юм гэсэн. Тэгээд нутгийнхаа бусгүйтэй ханилж, гал голомтоо тэнд бадраасан юм.

Улаанбаатар хот хэдхэн шавар байшинтай, гол төлөв эсгий гэртэй, малаар дүүрэн хот байсан. Урин цаг ирэхээр бид Туул голын хөвөөнд, бас Яармагт гэрээ бариад зусдаг байлаа.

Би амьдралынхаа 27 жилийг барилгын салбарт зориулахдаа 200 гаруй томоохон барилга барьсны дотор хуучнаар Хувьсгалын музей буюу одоогийн Үидэсний музей, В.И.Лениний музей, Их тэнгэрийн амны зочид буудал гэх мэт өндөр чанартай, гоёмсог барилгууд багтдаг.

Гавьяат барилгачны замнал

Би улс, нийгэмдээ 44 жил ажилласан. Үүнээс 14 жил төрийн байгууллагад, үлдсэн хугацаанд нь барилгын салбарт ажилласан. 1950-1953 онд Улсын төлөвлөгөөний комисст ажиллаж байлаа. 1953 оноос хойш Аж үйлдвэрийн яамны орлогч сайд, дараа нь I орлогч сайдаар дэвшин ажиллахдаа таван жил үйлдвэрлэл, технихийн асуудлыг хариуцаж байв. Намайг I орлогч сайд байх үед БНСЧУ-ын тусламжтайгаар арьс шир, гутлын үйлдвэрийг, БНХАУ-ын тусламжтайгаар ноос нэхмэлийн үйлдвэрийг шинэ техникээр тоноглож, Сүхбаатар хотод дулааны цахилгаан станц, мөн шүдэнзний үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан.

Хожим нь Улсын барилгын зөвлөлд ажиллаж байхдаа Техник туслалцааны барилга трест-ийг байгуулж, уг байгууллагаа удирдан 200 гаруй томоохон барилга барьсан. Эдгээрийн дотор ноосон нэхмэл ийн үйлдвэрийн өргөтгөл, цахилгаан сантехникийн үйлдвэр, шувуун фабрик, нисэх онгоцны засварын газар, Улаанбаатар хот орчмын 400, 800, 1200 үнээний фермүүд, түүнчлэн иргэний барилгаас хуучнаар Хувьсгалын музей буюу одоогийн Үндэсний музей, В.И.Лениний музей, Их тэнгэрийн амны зочид буудал, 24 айл гэх мэт өндөр чанартай, гоёмсог барилгууд байдаг. Өчүүхэн би амьдралаа барилгатай холбож 27 жилийг үдэхдээ манай барилгачид юу бүтээснийг эргэн дурсахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг юм.

Анхны орон сууц

Төр засгаас надад 40 мянгатын байранд анх орон сууц өгч байсан. Хэдэн давхарт орох талаар аавтайгаа зөвлөхөд "Хуу минь, толгой дээрзэ л хүн битгий гарга" гэж хэлж байлаа. Ингээд бид дээд давхрын гурван өрөө байранд нүүж орсон. Дөчин мянгатын хороолол тухайн үед хотын төвд баригдсан анхны орон сууц гэдгээрээ нэр цуутай байлаа. Дараа нь биднийг Засгийн газрын хойд талын Арктай шар байшин руу нүүлгэсэн. Хожим нь XIII хороолол буюу "Сансар" баригдаж дууссаны дараа тийш нүүж шинэ байранд орсон. Нэг хэсэг XI хороололд амьдарч байгаад буцаад XIII хороолол руу шилжсэн. Яагаад гэхээр, "Сансар"-ын байрууд их дулаахан, гаднаа ландшафттай, зугаалах зай талбайтай, бусдаасаа илүү тохижилттай учраас сэтгэлд их нийцдэг юм. "Сансар"-т 20 гаруй жил амьдарч байна. Оросууд энд их амьдардаг байж билээ. Социализм нурсны дараа тэдний ихэнх нь нутаг буцсан.

Бид социализмын бүхий л үе шатыг амжилттай даван туулсан. Гэвч 1950-1960-аад онд“Дутагдлын хажуугаар дуугуй өнгөрч болохгүй" гэх уриа лоозон их байсан боловч буруу хэрэгжиж эхэлсэн. Дутагдал, доголдлыг илрүүлж, хурц шүүмжилсэн хүнийг"Намын нэгдлийг задлах гэсэн этгээд" хэмээн хар дансанд бүртгэж, хяхаж хавчдаг болсон юм. Бүх эрх мэдэл МАХН-ын гарт төвлөрч, Улс төрийн товчооны цөөн гишүүд тус намыг толгойлж, тэдний замд хэн саад болж байгааг гярхай харж, "цэвэрлэдэг" байсан юм. Ингэж явсаар социализм жам ёсоороо дууссан. Харин ардчилал гарсны дараа манай хотод олон шинэ байшин барилга бослоо. Миний анх харж байсан Улаанбаатар хот огт өөр боллоо. Дизайн сайтай, өнгө үзэмжтэй уран барилгууд олноор нэмэгдсэн. Гэтэл аж амьдралын хувьд юу ч өөрчлөгдсөнгүй, харин ч дордоод байх шиг байна даа.

Ярилцлагыг: З.Ариунболор

Гэрэл зургийг О.Төгсбилэг

Нийслэл Guide сэтгүүл №56 / Би энд амьдардаг булан