Нацагийн Төмөр, Мянганы Хандсүрэн нартай би УБТЗ-ын олон улсын билет захиалгын үүдэнд 16.00 цагт уулзахаар болзсон юм. Тэд яг цагтаа ирэв. Төмөр том ягаан хавтастай зургийн цомог сугавчилж, харин Хандсүрэн хоёр том ном цүнхэлжээ. Бид УБТЗ-ын зоогийн газрын тусгай өрөөнд тухаллаа. Төмөр "Ярилцлага өгнө гээд гэртээ байгаа хуучны юм хумыг цэгцэлж, хэрэгтэй болов уу гэсэн зүйлсээ аваад ирлээ"гэсээр өнөөх зургийн цомгоо дэлгэв. Тэдний яриа өөрсдийнх нь амьдралтай салшгүй холбоотой Төмөр зам болоод хүүхэд насных нь дурсамжуудаар хөвөрлөө. Төмөр замын цэцэрлэгээс эхэлсэн бяцхан охидын нөхөрлөл насан туршийн найзууд байх тавиланд хөтөлжээ. Хэлгий хонх шиг балчир үеэсээ л нэг цэцэрлэг, дунд сургуулийн нэг ангиар дамжиж, нэг байранд амьдарч, нэг байгууллагад ажилласаар он жилүүдийг хамтдаа элээжээ. Хандсүрэн XX дунд сургуулийг төгсөөд Худалдааны техникум, МУИС-ийн Худалдаа эдийн засгийн тэнхимд элсэн суралцаж, худалдааны нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшин Төмөр замд насаараа ажиллажээ. 1951 онд Төмөр замд хөдөө орон нутгаас ажилчид элсүүлэхэд Хандсүрэнгийн аав ээж хотод орж ирсэн байдаг. Тэгэхэд Хандсүрэн балчир охин байсан. Хэдийгээр тэр хөдөө төрсөн боловч нэгэн насны амьдралаа холбосон газар нь Төмөр зам юм. Харин түүний найз Төмөр нь Төмөр замыг тосгон байх үед тэнд төрж, өссөн юм. Тэрбээр Төмөр замын I цэцэрлэгээр хүмүүжээд, XX сургуулийн наймдугаар ангийг төгсөв. Ингээд Төмөр замын техникумын төлөвлөгөө эдийн засгийн ангийг онцсайн дүнтэй дүүргэхэд нь тухайн үед Ардын боловсролын яамны орлогч сайд байсан Санжаасүрэн /Зориг агсаны аав/ түүнд МУИС-ийн Инженер, эдийн засгийн факультетийн тээврийн ангид шалгалтгүйгээр орох цохолт хийж өгчээ. Төмөр гэдэг хүүхэд МУИС-д шууд орох болсон тухай сонсоод хүмүүс "Мундаг хүү байна даа" гэлцэж. Харин дараа нь эмэгтэй хүүхэд гэдгийг нь мэдээд мэл гайхацгаасан тухай тэд дурсан инээлдэцгээв. Сурагч ахуй цагтаа эргэн очсон мэт тэдний харцанд оч гялалзаж байлаа.
Хандсүрэн Төмөр замын зоогийн газар анх 1973 онд тооцооны нягтлан бодогчоор орж 19 жил ажиллаад, 1991 оноос Төмөр замын удирдах газрын Захиргаа, аж ахуйн хэлтэст ерөнхий нягтлангаар 22 жил ажиллаад гавьяаны амралтаа эдэлж сууна. Түүний хань Илчит тэрэгний депод ажилладаг байв. Харин Төмөр их сургуулиа төгсөөд 1977 оноос Тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтад эрдэм шинжилгээний ажилтнаар, 1997 оноос Төмөр замын II ангид эдийн засагчаар 17 жил ажиллаад тэтгэвэртээ гарчээ. Түүний аав Д.Нацаг 1967-1980 онд Төмөр замын худалдааны баазад дэлгүүрийн дарга, барааны мэргэжилтэн, баазын орлогч даргаар ажиллаж байсан, харин ээж Ц.Маамцэнд нь 1959-1962 онд Улаанбаатар өртөөний ерөнхий нягтлан бодогчоор, 1956-1966 онд Төмөр замын удирдах газар ахлах ня-бо, 1966-1987 онд касс тооцооны тасгийн даргаар ажиллажээ. Касс тооцооны тасаг нь 1981 онд касс тооцооны хэлтэс болж хувирчээ. Бага байхаасаа л ээжийнхээ ажил дээр очих дуртай байснаа, хүлээлгийн танхимынх нь чулуун шалтай цэлгэр талбайд гулгадаг байснаа тэр дурссан юм.
Хүний амьдралын гэгээн дурсамжууд ихэнхдээ сурагч настай холбоотой байдаг. Төмөр, Хандсүрэн нар бол 1960-аад оны үеийн сурагчид. Тэр үед улс орон даяар соёлын довтолгоо ид өрнөж байжээ. Орос багштай цэцэрлэгийн хүүхдүүдийн хар цагаан зургийг үзүүлээд Хандсүрэн "Төмөр зам хүүхдийн төлөө их анхаардаг байсан. Ажилчдын хүүхдүүдийг 24 цагийн тохь тухтай цэцэрлэг, яслид хамруулж, зун нь Хандгайт дахь пионерийн зусланд бүтэн сараар амраадаг байсан"гэж дурсав. Тэр үед Төмөр замын эмнэлэг төрөх тасагтай, ерөөс эмнэлэг, цэцэрлэг гэх мэт байгууллагууд бараг бүгд орос ажилчидтай, маш цэвэрхэн орчинтой байж. Төмөр, Хандсүрэн нар хүүхэд байхдаа Төмөр замын Соёлын ордонд кино, жүжиг, концерт үзэж, номын санд нь ном уншдаг байлаа.
1950-1960-аад оны үед Төмөр замын тосгон ихэвчлэн дан байшингуудаас бүрдэж байв. Томхон байрууд нь Вокзал, Техникум, Техникумын баруун талын гурван давхар есөн байр, Тээврийн товчооны баруун талын машинистуудын гурван давхар байр, мөн Соёлын ордон л байлаа. Соёлын довтолгооныхон айлуудаар явж үзлэг хийх тул хүмүүс маш цэвэрч, арчуур, ор хөнжлийн даавуугаа байнга угаадаг, ариун цэврийг дээдлэн сахидаг байв. Төмөр л гэхэд Лхагва гарагийг цэвэрлэгээний өдөр болгож, хичээлээсээ ирмэгц цагаан хэрэгслээ угааж заншжээ. Соёлын довтолгооныхон цэвэрч
айл өрхийг шалгаруулан, "Соёлч өрх" хэмээн модон дээр бичсэн хаягийг хаалганых нь дээр хадаж өгдөг байв. Монголчууд чухам тэр үед оросуудын нөлөөгөөр эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, дэг журамтай, ариг гамтай байдалд суралцсан гэхэд хилсдэхгүй. Хандсүрэн, Төмөр нар одоо ч гэсэн бүх зүйлд тэр л хандлагаараа ханддаг.
Тэд гурван үеэрээ Төмөр замд амьдарч, ажиллаж буйгаараа тун их бахархдаг юм билээ. Өөр нэг онцлууштай зүйл гэвэл, Төмөрийн ээж 1970 онд МУИС-ийн нягтлан бодох бүртгэлийн ангийг, Төмөр өөрөө 1972 онд Төмөр замын техникумын төлөвлөгөө эдийн засгийн ангийг, түүний хүү 2011 онд Москва хотын Зам харилцааны их сургуулийг төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалтын мэргэжлээр онцсайн дүнтэй төгссөн гэнэ. Цэцэрлэгийн насны гурван өөр хүүхдийн, гурван өөр үеийн зураг байсныг сонирхон лавлавал, Төмөр өөрөө ч, түүний хүү ч Төмөр замын цэцэрлэгээр хүмүүжсэн, харин одоо том ач нь тус цэцэрлэгт явж байгаа гэнэ. Хүү Эрдэмбуян нь одоо УБТЗ-ын удирдах газрын Гадаад харилцааны албанд инженерээр ажиллаж байна. Мөн, Хандсүрэнгийн том охин УБТЗ-ын Санхүүгийн албанд ажилладаг аж. Хуучирч шарласан гэрэл зургуудыг үзүүлээд "Энд ийм барилга, тэнд тийм барилга байсан"гэж хуучлахад нь тухайн үеийн Төмөр зам хэчнээн эмх цэгцтэй байсныг дотроо төсөөлж суулаа.
Нийтлэлийг: Ж.Хулан,
Гэрэл зургийг: О.Төгсбилэг
Нийслэл Guide сэтгүүл №58 / Би энд амьдардаг булан