Би 220 мянгатад амьдардаг

Төв номын сан, Хүүхдийн ордон, УДЭТ гээд нийслэлийн түүхтэй салшгүй холбогдох олон сайхан барилга байгууламж хотын төв хэсэгт бий. Эдгээр урлаг соёлын байгууллага, мөн хуучны угсармал орон сууцнууд өдрөөс өдөрт сүндэрлэн буй орчин үеийн архитектуртай шилэн барилгуудтай өнгө хоршин хотын төвөө чимнэ. Нийслэлийн сэхээтнүүдийн амьдардаг А зэрэглэлийн бүс гэдгээрээ алдартай 220 мянгатын уугуул оршин суугч, эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч, профессор, МУСГЗ Цэгмидийн Нацагдоржтой уулзаж, Улаанбаатар хотод өрнөсөн аж амьдралынх нь талаар хуучиллаа.

Цэцэн хан аймгийн Дайчин
Жонон ВангиИн хошууны Засагноёдын удам Ц.Нацагдорж нь Улаанбаатар хотын уугуул иргэн юм. Тэднийхэн өвөг дээдсийн үеэсээ тав, зургаан үе дамжин Богдын хүрээ, Нийслэл хүрээ, Улаанбаатар хотод аж төрж байна. Монголчуудын оюун ухаан, шашин шүтлэг, соёлын төв цэг гэдэг утгаараа Богд хаант Монгол улсын Нийслэл хүрээний хүн амын зонхилох хэсэг нь язгууртнууд, цагаан ястнууд байсан юм.
Түүний аж төрж байгаа Сүхбаатар дүүргийн II хороо буюу V хорооллыг урьд нь 220 мянгат гэж нэрлэдэг байжээ. 220 мянгатын угсармал байрууд 1978 онд ашиглалтанд орсноос хойш оршин суугчид нь сэтгэл зүй, аж төрөл, засаг захиргааны хувьд ихээхэн хувьсаж өөрчлөгдсөн билээ.
Нацагдорж 1966 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. 1966-1973 онд Мэдээлэл радиогийн улсын хороонд ажиллаад, дараа нь Москвагийн Нийгмийн ухааны академид мэргэжлийнхээ дагуу суралцав. Буцаж ирээд МҮОНРТ-д ажиллаж байхад нь 1985 онд Ю.Цэдэнбал дарга дуудан"Чамд тусгайлан үүрэг өгье. Монгол телевизэд нэвтрүүлгийн хэлбэр хийцээс гадна цаг хугацаагаа барьдаггүй, дэлгэцийн сахилга батгүй байх зэрэг алдаа дутагдал гарч байна. Энэ байдлыг чи маш богино хугацаанд өөрчилж сайжруул" хэмээжээ. Ингээд Нацагдорж 1967 онд телевиз байгуулагдсанаас хойш 1976 он хүртэл ямар төрлийн хэчнээн нэвтрүүлэг хийснийг судалж үзэхэд 70 гаруй нэр төрлийн нэвтрүүлэг байсан боловч тогтмол гардаггүй, бас хоорондоо холилдон эмх замбараагүй болсон байв. Энэ бүхнийг нэг сарын дотор цэгцэлж, хөтөлбөр гаргаж, бүх нэвтрүүлгийг эфирт гарахаас долоо хоногийн өмнө бичиж монтажлахаар цаг хугацааг нь тохируулжээ. Энэчлэн Нацагдорж Монгол телевизийн нэвтрүүлгүүдийг өнөөгийн хэлбэрт шилжүүлэх үндэс суурийг тавьсан юм.

Цэдэнбал дарга түүнийг"Монгол телевизийн нэвтрүүлгийн бүтэц, хэлбэр хийцэд эрс шинэчлэлт хийсэн"хэмээн дүгнэж, нам төрийн удирдах байгууллагад татан авч ажиллуулжээ. Нацагдоржийг Намын төв хороонд ажиллаж байх үед нь улс төрийн шалтгаанаар түүний өрөөнд цацраг идэвхит бодис тавьж хордуулсан юм. Тэрбээр харийн оронд нэлээд хэдэн жил эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд Монголдоо эргэж ирэхэд нь Өмнөговь аймгийн "Говийн мэдээ" сонинд сурвалжлагчаар томилсон байлаа. Хувийн уран бүтээл, ажил мэргэжлийнх нь хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч хөдөө явахад бэрх байсан бөгөөд эл учраа тайлбарлатал "800 төгрөгнөөс дээш цалинтай ажил хийхгүй, гурваас дээш хамт олныг удирдахгүй, гурваас доошгүй жилийн хугацаанд бичсэн сэтгүүл зүйн нийтлэл, зохиолоо сонин хэвлэлд нийтлүүлэхгүй гэсэн гурван болзлыг зөвшөөрвөл нийслэлд үлдэж болно" гэжээ.
Нацагдорж бага залуугаасаа л улс Монголынхоо тусын тулд хүн бүрт хүртээмжтэй зүйл бүтээхсэн гэж эрэлхийлсээр ирсэн. Тэрбээр Намын төв хороонд ажиллаж байхдаа уг бодлоо гүйцэлдүүлэхийн тулд багагүй зүтгэл гаргажээ. Өвөг дээдсээс нь уламжилж ирсэн гурван авдар номоос аав нь эрдэмтэн мэргэдэд тарааж өгсөөр Нацагдоржид зурхайн болон анагаах ухааны ном судрууд нь л тунаж үлдсэн байв. Иймд тэрбээр зурхайн ухааныг сэргээхээр зориг шулуудаж, зурхайн 10 орчим ном, товхимол хэвлүүлсэн юм. Хүний өөрийгөө таних хамгийн дөт замуудын нэг бол зурхайн ухаан гэж үздэг. Монгол хүнбүрийн төөргийг бүтэн, хагас жарнаар, эсвэл 90 жилээр тооцоолж, 1920-2010 оны хооронд төрсөн хүмүүсийн иж бүрэн зурлагаар ном гаргая гээд "Хүмүүний эл насны төөрөг" номоо хэвлүүлжээ. Хөдөө орон нутагт томилогдож ажиллах, эсвэл тодорхой болзлуудыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нийслэлд үлдэх гэсэн сонголттой тулгарсан тэрбээр ажлынхаа хажуугаар хувийн уран бүтээлээ туурвих хэрэгтэй байсан учраас аргагүйн эрхэнд бүх болзлыг зөвшөөрөн хотод үлдэж, 1983 оноос МЗЭ-ийн "Утга зохиол" сонины нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлжээ.

Нацагдорж "Утга зохиол" сонинд ажиллаж байхдаа жилийн захиалгын тоог 120 мянгад хүргэсэн удаатай. Үнэхээр муугүй үзүүлэлт шүү. Үүнээс гадна уран зохиолын 10-аад ном, тайз дэлгэцийн 20 гаруй жүжиг, кино зохиол бичжээ. 2002 онд эзэн богд Чингис хааны түмэн өлзий гийсний ойг угтаад "Чингисийн зарлигийн товчоо", "Чингисийн сургаалын товчоо" хэмээх хоёр боть номоо бүтээгээд 1600 хувь хэвлүүлэхээр зорьж. Харамсалтай нь, номын хэвлэлтэд дэмжлэг авахаар Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид хандсан боловч бүтэлтэй юм болсонгүй. Тэр үед Тайвань улсаас бүх зардлыг нь гаргаад тус улсад хэвлүүлэх санал хүлээж авсан боловч их эзэн хааныхаа сэцэн билэг, оюун санааны өвийг монголчууддаа зориулан гаргаж байгаа учраас эхлээд эх орондоо, дараа нь харийн оронд хэвлүүлье гэж шийджээ. Ингээд тэрбээр орон байраа барьцаанд тавьж, таньдаг хүмүүсээс зээл аван байж 1600 хувь хэвлүүлсэн юм. Нацагдоржийн нөр их хөдөлмөр зүтгэлээр, хүчин чадлаар бүтсэн хоёр боть ном нийслэлд аж төрж буй монгол угсаатан бүрт зориулагджээ. Бид эх Монгол орныхоо цадиг түүх, их эзэн Чингис хааныхаа зарлиг сургаалыг уншиж, өөртөө шингээж авбаас ирээдүй хойчид минь ч хэрэгтэй болов уу.

Нийтлэлийг: Ж.Хулан

Гэрэл зургийг: О. Төгсбилэг

Нийслэл Guide сэтгүүл №59 / Би энд амьдардаг булан