Би "Төмөр замын 24"-т амьдардаг байлаа...

Инээд алдсан, хөнгөн шингэн, эрүүл саруул хөгшин үүдээ нээж өгөөд үнсэн угтах нь ижий шиг минь юм. 1951 онд Монголд уулын спортын үндэс тавигдахад Асралт хайрхан руу анхны багийн ахлагчаар явж байсан, уулын болон дугуйн Спортын мастер Ж.Нямсүрэн агсаны гэргий Ч.Дунгармаа 1934 онд одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төржээ.  
Хагас өдөржин элдвийг ярьж суухад тэрбээр огтхон ч ядарсан шинжгүй. Явах болоход минь чихэр атган өгөхөд нь хүүхэд шиг л баярлан хоёр алгаа тосч аваад, “Ижий минь амьд сэрүүн байсан бол ийм л хөгшин байх байж дээ” гэж бодсоор тэднийхээс гарлаа. Уншигч та энэ хүндтэй буурлын ярианд анхаарлаа хандуулж, Улаанбаатар хотын төдийгүй Монголынхоо түүхэн он цагуудаар аялаарай.

“Дунгармаа” нэрт өнгөрснийг өдгөөтэй холбогч гүүр...

Хүний ганц...
Би одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын хүн. Хар зүрхний хөх нуурын наахна, Бүрдийн тойромны дэргэд төрсөн гэдэг юм. Миний аавыг Чимид, ээжийг Дуламсүрэн гэдэг байлаа. Би хүний ганц охин. Аав ээж минь надад нэг ч удаа ширүүн хандаж байгаагүй ээ, дураар нь л өсгөсөн. Тэд маань дөлгөөн тайван, ажилсаг хүмүүс байсан болохоор би ч гэсэн хөдөлмөрт дуртай болж өссөн. 
Аавыг цэргээс халагдаад ирэнгүүт нь бичиг үсэгтэй гээд л сумын нарийн бичгийн дарга болгочихсон гэдэг. Дараа нь багийн дарга, нэгдлийн дарга гээд янз бүрийн алба хашиж байгаад эмээгийн бие муудахаар нь ээждээ ойр байх гээд хөдөө гарсан. Манайх тэмээнээс бусдаар мал малын захтай, амьдрал сайтай айл байсан. Наадам өнгөрөөд л аав маань айл хотлынхонтойгоо нийлээд хадландаа гарна. Миний аав барилддаг, сумын цолтой хүн байлаа. Харин ээж маань үйлэнд уран, буриад гутал, дээлийг их сайхан хийдэг хүн байсан. Манай нутгийнхан юм л бол Дуламсүрэнгээр дээлээ эсгүүлнэ гээд аваад ирдэгсэн. Би ээждээ туслах гээд, оёдлын машиныг нь булаацалдаад л, гараа оёх шахан юм оёдог байсан. Ээж надад зааж зааварлаад жаахан хүүхдийн буриад гутлын улыг ширүүлдэг байлаа. 
1949 онд Улаанбаатарт орж ирсэн нь...
Найман настайдаа сумынхаа дөрвөн жилийн сургуульд орлоо. Тэр үед хүмүүс хүүхдээ сургуульд явуулах дургүй байсан. Суман дээр хамаатныдаа суув. Айлын ганц охин танхи ч байсан биз, гэрээ ч санаа биз, хүүхэд дагаад сумын төвд ойрхон хөдөөний айл руу гүйгээд хамаатны эгчдээ загнуулж байсан юм. Тэр үед бараг бүх хүүхэд л дөрөвдүгээр ангиа төгсөөд мал дээр гардаг байсан. Харин намайг аавын маань хамаатнууд хотод авчирч XVI сургуульд тавдугаар ангид оруулсан юм. Д.Майдар сайд гэж байсан даа, түүний аав Дамдинжав манай аавын хамаатан байсан юм. Майдар сайдын дүү Гоогормаа монгол хэл, уран зохиолын багш, нөхөр нь Хөдөлмөрийн баатар Д.Базар гэж байлаа. Тэднийх намайг гэртээ суулгаад, Гоогормаа эгч ангидаа авсан юм. Хот тэр үед гэр хороолол ихтэй байлаа. Банзар ахынх одоогийн Гадаад явдлын яамны урдхан талд хашаа байшинд байсан. Харин XVI сургууль маань Цэргийн гүүрийн урд талд Тавын халуун усны хажууханд байсан юм.

I сургуульд дан охид сурдаг байв...
XVI сургууль долоон жилтэй байсан. Тиймээс би I сургуулийн наймдугаар ангид орлоо. Тэр үед I сургуульд дан охид, II сургуульд дан хөвгүүд сурдаг байсан. Гэхдээ тийм байдалтайгаар нэг их удаагүй ээ, 2-3 жил болоод дахин өөрчлөгдөж, тус хоёр сургуулийн хүүхдүүдийг хольсон юм. Манай төгсөлтийн өмнө дан эмэгтэйчүүдийн хоёр ч төгсөлт байсан, манайх гурав дахь нь. Аравдугаар ангиа төгсөх үед Багшийн дээд сургуульд биеийн тамирын анги нээгдэж таарлаа. Ингээд би чинь Биеийн тамирын факультетийн анхны төгсөгч болсон юм шүү дээ. Сургуулиа төгсөөд Төмөр замын XX сургуульд биеийн тамирын багшаар ажилласан ч нэг их удалгүй Төмөр замын I цэцэрлэг рүү шилжсэн. Тэнд 10-аад жил эрхлэгчээр ажиллаад, дараа нь дунд сургуульд хөдөлмөрийн багшаар ажилласан даа. Багадаа ээждээ тусалж, юм оёдог байсан минь энэ үед их хэрэг болсон шүү. Би ер нь оёж шидэх дуртай, гэр бүлийнхнийхээ бүгдийнх нь хувцсыг оёдог байсан юм.

Манайх гэдэг айл...
Би 10 дугаар ангид байхдаа ханьтайгаа танилцсан юм. Надаас 12 насаар ах, оросын буриад хүн. Дөрвөн хүүтэй айлын хоёр дахь хүү нь. Би ч бас буриад цустай хүн шүү дээ. 
Хуучин Циркийн ойролцоо, одоогийн Дайшчойлин хийд, Хатагтай эмнэлгийн орчим тэр чигээрээ л гэр хороолол байлаа, гэхдээ орчин нь их цэвэрхэн. Анх бид хоёр Циркийн I гудамжинд, хашаанд гэр барьж гал голомтоо бадрааж байлаа, 1953 он шиг санаж байна. Жил гаруйн дараа манай хүн Төмөр замд машинист болоод, манайх нүүлээ. Төмөр замын депогоос манайд гурван давхар орон сууцны II давхарт дөрвөн өрөө байр өгсөн юм, 38 дугаар байр бил үү дээ. Гэхдээ энэ дөрвөн өрөө байрны хоёр өрөөг нь манайд, нөгөө хоёр өрөөг нь нэг, нэг айлд өгсөн. Жорлон, угаалгын өрөөгөө айлууд дундаа ашиглана, нийтийн байрархуу юм уу даа. Тэр байрны таван орцны I-II орцонд нь монгол айлууд, III-V орцонд нь орос мэргэжилтнүүд суудаг байсан. 38 дугаар байрандаа манайх 5-6 жил амьдраад, Төмөр замын удирдах газрын зүүн талын хоёр давхар шар байшин буюу 24 дүгээр байрны 3 тоотод нүүж орлоо. 1960-аад он шүү дээ. Манай байрны яг урд хоёр давхар уурын зуух, тэрний цаад талд орос II сургууль байсан. Тэр сургуульд Ю.Цэдэнбал даргын хүү Ц.Зориг явна. Хашаатай. Манай хүүхдүүд хашаан дээр нь суугаад л байна, “Та нар юу хийгээд байгаа юм, гэртээ ор” гэхээр “Цэдэнбал даргын хүү гарахыг харах гэж байгаа юм” л гэдэгсэн. Энгийн албан хаагчдын хүүхдүүд ч II сургуульд сурах боломжтой, тиймээс бид том охиноо уг сургуульд өгсөн. Манай охин зохиолч Чойжилын Чимидийн хүүхэдтэй нэг анги. Эцэг эхийн хурал болно, Чимид ирээд хуралд сууна, би орос хэл сайн мэдэхгүй болохоор бушуухан очоод Чимидийн хажууд суугаад хэлмэрчлүүлдэгсэн. Бид охиноо дөрөвдүгээр анги төгсгөөд “Энэ хүүхэд ер нь монгол хэлгүй болох нь” гээд 20 дугаар сургууль руу шилжүүлсэн. Дараа нь бага хүүхдүүдээ шууд л монгол сургуульд явуулсан. 
Уурын зуухны дэргэд нүүрс, уурын зуухнаас гарсан үнс овоолоотой, хажуугаар нь айлуудын модон амбаарууд байна. Тэр хавийн хүүхдүүд модон амбаарууд дээгүүр дүүлж, уурын зуухны орой дээрээс нүүрс рүү, үнс рүү үсэрч тоглодог байсан. Тэгээд бүрий болсон хойно жигтэйхэн халтар юмнууд орж ирнэ, нүүрсэн дээр харайсан улс ямар өөдтэй байх вэ. Тэглээ гээд манай өвгөн хүүхдүүдээ загнаж аашилна гэж үгүй. Их уужуу хүн байсан юм, хүний хүүхдийн төлөө ч их санаа тавина. Заримдаа хүүхдүүд хичээлээ таслаад байшингийн дээгүүр гүйлдэнэ шүү дээ, тэгэхээр нь манай өвгөн “Та нарыг бариад авна даа, сургуульд чинь аваачиж өгнө” гэхээр нөгөөдүүл нь сандраад зугтдаг байсан юм. “Намайг хараад л бууж байгаа юм, эднүүс” гээд инээж суудагсан. 
Манайх таван хүүхэдтэй. Тэдний маань нэг нь одоо бурхан болж дээ. Анх бид хоёр хүүхэдгүй байхдаа албан ёсоор хадаг бариад авга ахынхаасаа хоёр сартай охиныг нь өргөж авсан юм. Тэгтэл тэр охины маань төрсөн ахыг долдугаар анги төгсөхөөр нь аав ээж нь илгээлтийн эзэн болгочихгүй юу. Тэгэхээр нь манай өвгөн хотод авчраад өөрөөрөө овоглочихсон юм, 14-тэй байхад нь шүү дээ. Паспорт авч өгч, сургуульд оруулах хэрэгтэй байсан юм, хотод харъяалагддаггүй хүүхдийг сургууль авахгүй шүү дээ. Тэгж байтал авга ахын маань бас нэг хүү нь өөрөө манай хүүхэд болно гээд урваад ирсэн. Ингэж нэг айлын гурван хүүхэд манай хүүхдүүд болчихсон юм. Тэр авга ахын маань хөгшин жил дараалаад л хүүхэд төрүүлдэг байлаа, 18 төрсөн хүн шүү. Тийм олон хүүхэдтэй айл болохоор нь бид бас амьдралд нь дэм болох гээд хүүхдүүд дундаас нь аваад байсан юм. Дараа нь би хоёр охин төрүүллээ. Ингээд манайх гэдэг айл хоёр хүү, гурван охинтой болсон доо.
Манай өвгөн миний хамаатны хүүхдүүдийг ад үзнэ гэж байхгүй, өөрийн хүүхдүүд шиг л өсгөж, бүгдийг нь амьдралд залгуулсан хүн. Их хүн чанартай хүн байсан даа, өвгөн маань. Тэр битгий хэл, миний бас нэг өөр хамаатны хүү мал дээр гарчихсан байхаар нь “Энийг хөдөө байлгаад дэмий” гээд нэг өдөр өөрөө аваад ирсэн, намайг мэдээгүй байхад шүү. Тэр хүү манайд байж байгаад Төмөр замын техникум төгсөөд айл болоод явсан шүү дээ. Авга ахын маань үлдсэн 15 хүүхэд аав ээж дээрээ өссөн, гэхдээ л тэднээс ч гэсэн манайхаар байж байгаад амьдралд хүрсэн хүүхдүүд бий. Хэнийх нь хүүхэд гэдэг нь мэдэгдэхгүй шахам тэгж холилдож байхад манай өвгөн тоох ч үгүй. Манайх гэж ийм л айл байлаа.
Төмөр замын 24 дүгээр байрандаа манайх 40-өөд жил амьдарсан. Тэгээд “Газарт орлоо, байр нураалаа” гээд л тэндээс хөөчихсөн юм. Тэгтэл одоо ч гэсэн байж л байна билээ, гэхдээ бараг балгас болж дээ. I давхарт нь үйлчилгээний төв, II давхар нь ашиглагдахаа больсон байх. Бид тэндээсээ 100 айл руу нүүн ирж, нэг хашаанд хоёр давхар байр барин амьдарч байгаад ноднин жилээс Замын цагдаагийн ойролцоо Алтан-Орд хотхонд энэ байраа авсан юм. 

“Дунгармаа” нэрт цаг хугацааны машин...

Их хэлмэгдүүлэлтийн үе /Буриадуудтай холбоотой дурсамж/
Би маш жаахан байсан, гэхдээ миний аавын хоёр ч ах алга болчихсоныг бүүр түүр санадаг. Нэг нь бүр ирээгүй, нэг нь арван хэдэн жилийн дараа, намайг нэлээд том болсон хойно ирсэн юм. Сүүлд Арьс өнгөний больниц гэж байсан даа, 84 дүгээр сургуулийн хавьцаа нэг цагаан байшин байсан, одоо байна уу үгүй юу, тэр чинь шорон байж. Авга ах маань тэнд арван хэдэн жил суугаад ирлээ гэж ах дүү нартаа ярьж байсан, өөр хүнд яриагүй л байх. Би томчуудын ярианаас л чагнасан юм. Ёстой нэг тамлагааны газар байж л гэж ойлгосон. Зүсэм талх олддог ч байсан юм уу үгүй ч юм уу, агаар салхинд ч гаргадаггүй, хэд хоноод л хүмүүсийг бөөн бөөнөөр нь буу зэвсэгтэй улс туугаад явдаг байсан гэж ярьж байсан. Байцааж тамлахад нь жирийн ард юугаа ч ярих юм, зарим нь бол тэр тамлагаанаас зүрх нь үхээд, бушуухан л тэр хэргийг нь хүлээгээд зовлонгоос салъя гэж бодно шүү дээ. Муу ах минь их л зовсон байх даа. 

Их хэлмэгдүүлэлтийн үе /Лам нартай холбоотой дурсамж/
Аавыг маань сумын нарийн бичгийн дарга байх үед лам нарыг хоморголон барьж эхэлж. Аав мэдээж Дотоод яамны улстай хамт явахаас өөр аргагүй. Лам нар ч сургаар нь сүм хийдээ хаяад зугтахгүй юу. Тэгтэл араас нь нэгжээд явж өгчээ. Нэг өвөлжөөн дээр очсон чинь нэг лам нэг эрэгтэй хүүхэдтэй байж байна гэнэ. Дотоод яамны хүн тэдэн рүү буугаа чиглүүлэнгүүт аав “Хүлээгээрэй, би энэ хүнтэй тооцоотой. Та явж бай, би энэ хүнтэй тооцоогоо хийчихээд очъё” гэж. Нөгөөх нь итгээд яваад өгч. Аав тэр ламд “За та нар ингээд байж болохгүй, бушуухан аргаа олоорой” гэж хэлээд, хэд хэд чанга хашгираад, хоёр хий буудаад л яваад өгсөн гэдэг юм. Тэгтэл их олон жилийн дараа тэр хүн нь аавыг сураглаад л байсан гэсэн. Аав маань тэр хүнтэйгээ уулзаж чадаагүй юм билээ. Манай аавын дүү л нэлээд сүүлд “Манай энүүгээр нэг хүн ахыг сураглаад л яваад байсан, надаас хүртэл ирж асуусан, хүн зааж өгсөн шиг байгаа юм, тэгээд би мэдэхгүй гээд гүрийгээд хэлээгүй” гэж билээ. Болгоомжлоод хэлээгүй шиг байгаа юм. Хэцүү ч үе байж дээ, ер нь аль чадалтай гэсэн болгоныг л хоморголон барьсан юм биш үү.  

Дайны үе
Тэр үед би жаахан хүүхэд байсан болохоор дайны тухай сайн мэддэггүй. Онгоцнууд бөөн бөөнөөрөө л нисдэг байсан. Би сониучирхаад, тэр онгоцнуудыг тоолоод л, айхаа ч мэддэггүй байлаа. Одоо санахад 1939 он байж л дээ.  

Социализмын үе
Нэг хэсэг Цагаан сар хийхийг хориглосон юм. Би ахындаа суудаг байхдаа хөдөөнөөс баахан ууцтай ирчихээд тэрийгээ зарж чадалгүй хорионд орчихож билээ. Зарж болохгүй, Цагаан сар хийж болохгүй гээд хорьчихсон. Дараа нь айлын эхнэр болсон хойно Цагаан сар хийлгэхгүй гэхээр нь нэг их тоогоо ч үгүй, тэр нь амар ч байсан юм уу хэн мэдэх вэ. Харин хөгшчүүлд бол хэцүү байсан байх. 

Ардчиллын үе
1988 онд өвгөн маань өөд болоод, дараахан нь нийгэм солигдоход би хэдэн хүүхэдтэйгээ үлдсэн. Гэхдээ манай хүүхдүүд бүгд амьдралдаа хүрчихсэн байсан л даа. Дасч сурсан социалист нийгэм нь гэнэт нурахад монголчуудын амьдрал хүнд болсон. Социализмын үед элбэг дэлбэг байсан талхаа таллаж авдаг болсон. Бараг бүтэн талх нэг айлд оногдохгүй болсон доо. Мах гэхэд нэг хүнд хэдхэн грам оногдоно. Жигтэйхэн их дараалалтай. Гэхдээ ахмад дайчдад дараалалгүйгээр талх өгдөг байсан юм. Би тэр үед хорооныхоо Ахмадын зөвлөлийн дарга байсан. Би чинь дандаа л сонгуульт ажил хийдэг байлаа шүү дээ.

Нийтлэлийг: Ж.Баярхүү
Гэрэл зургийг: О.Мягмардорж

Нийслэл Guide сэтгүүл №63 / Би энд амьдардаг булан