“Монголчуудын түүхийг сонсвоос дэлхийн түүхийг мэдмой” хэмээн Төрийн шагналт, түүхч, доктор Дэмбэрэлийн Өлзийбаатар “Монголчууд” цахим номынхоо өмнөтгөлд үгүүлжээ. Улаанбаатарт төрж, өсч, амьдарч яваа түүний дурсамж монголчуудын нэгэн үеийн түүхийг илэрхийлж байх шиг...
Зусланд өнгөрүүлсэн 5 жил
Миний аав Хөвсгөл аймгийн Арбулаг, ээж Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын хүн. Манай гэрийнхэн Өвөрхангайд амьдарч байгаад 1948 онд хотод шилжиж ирсэн байдаг. Би Улаанбаатарын унаган хүүхэд. Эцэг эхээс гурвуул, айлын дундах нь хүүхэд. Аав МҮЭ-ийн Төв зөвлөлийн харьяа Булганы Уньтын амралт, Сөгнөгөр, Сэлбийн пионерын зуслан, Уурхайчдын сувилал, Төв зөвлөлийн авто бааз зэрэг газруудад ажиллаж байлаа. Намайг таван нас хүртэл аав социалист орны хүүхдүүд ирж амардаг олон улсын анхны пионерийн зуслан болох Сэлбийн зуслангийн захирлаар ажиллаж байсан юм. Одоо ч зуслан хэвээрээ байгаа. Би зундаа голдуу тэнд байж, намар зуслан буухаар одоогийн Баянбүрдийн зүүн, Ногоон нуурын өмнөх гэр хороололд өвөө эмээгийндээ ирдэг байлаа.
Амьдралын хэвшлээ өөрчилсөн нь
Манайх 1965 онд монгол барилгачдын барьсан II дөчин мянгатын байрууд ашиглалтад ороход 29 дүгээр байранд хуваарилагдан орж байлаа. Энэ үед “Аман хуур” кинонд гардаг их бүтээн байгуулалтын дүр зураг яг л нүдний өмнө өрнөж байсан юм. Эхний хуваарилалтаар манайд I дөчин мянгатад байр өгсөн ч аав амьдралын хэвшлээ гэнэт өөрчилж чадахгүй “Олуулаа нэг дор, нэг орцоор орж гараад түвэг” гэж дургүйцээд ороогүй юм билээ. Хуваарилсан байранд орохгүй гэхэд нь манай ээж болон хамаатнууд аавыг ятгаж үгэндээ оруулсан шиг байгаа юм, тэгээд л дараагийн хуваарилалтаар тэр байранд орсон хэрэг. I, II дөчин мянгат, тавин мянгат, 120, 220 гээд байшин хорооллууд 1955-1965 он хүртэлх богинохон хугацаанд босч хотын өнгө төрх эрс өөр болсон. 1960-аад оны сүүл үеэс эхлэн XV хороолол, XII микро район, 1970-аад оноос одоогийн III, IV хорооллууд дараалан баригдсан.
Миний хүүхэд нас
Тэр үед шинэ хорооллуудад заавал 2-3 сургууль, ясли, цэцэрлэг баригддаг байсны нэг болох 24 дүгээр сургуульд би сурдаг байлаа. Хичээлээсээ ирээд цайгаа уучихаад л гадаа гарч байр байраараа өдөржин тоглоно. Миний багад лапта, матк, гахай цохих, бөглөө тоглох гэх мэт олон янзын тоглоом байсан. Лапта бол одоогийн бэйсбол маягийн тоглоом шүү дээ. Мөн шар айраг, ундааны бөглөөг давтаж хавтгай болгосныгоо зураг, өнгөөр нь ялгаж “поошигт”, “бүргэдэт”, “мянгат” “тавт”, “аравт” гэх мэтээр нэрлэж тоглоно. Тэр бүгд оноотой. Бүр “таг таг” гэж дуугардаг эсэхээр нь ялгадаг байлаа шүү дээ. Ундааны бөглөөг алган дээрээсээ шидэж гарынхаа ар дээр тогтоох, шүүрэх, тонших, эргүүлэх гэхчлэн янз бүрийн техникээр тоглоно. Бидний халаас гэж шажигнасан л юм явдаг байсан даа. Бөглөө ховор учраас хог ухаж хайна, гадаадын мэргэжилтнүүд амьдардаг газраас шар айрагны бөглөө их олддог байсан. Хананд мөнгө шидчихээд хоорондох зайг нь хэмжиж мөнгө авдаг мөрийтэй маягийн, аав ээжүүдийн их хорьдог тоглоом ч байлаа. Бас чулуугаар их байлдана. Яагаад гэхээр, нэг дор бөөн хүүхдүүд гэнэт цуглаад дасахгүй, бас нөгөө талаар нүүдэлчдийн зан ч юм уу, хэсэг бүлгээрээ найзалдаг байснаас байр байраараа их талцана. Ингэж байлдах үед нөгөө байрныхан зугтаагаад орцондоо орчихвол бид яллаа гэсэн үг. Үүнийг “орцонд нь чихнэ” гэж ярьдаг байсан юм /инээв/. Дараа нь нөгөө ялагдсан байрны хүүхдүүд хариугаа авах гээд бүр олуулаа болоод ирнэ. Ингэж байлдахдаа тархи толгойгоо ч, айлуудын цонхыг ч их хагалдаг байсан даа. Бас өөрсдийнх нь бүсэд гадны хүүхэд явж байвал “мөнгө вариантлах”, “вариант босгох” гэж нэрлэдэг дээрэм маягийн зүйл хийнэ. Ихэвчлэн 20 мөнгөний татвар төлцгөөнө дөө. Би хамгийн томдоо гурван төгрөг вариантлуулж байсан санагдаж байна. 1960, 1970-аад оны үед сургуулийн сурагчдын дунд сагс, хөлбөмбөг, ширээний теннис, хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн их зохион байгуулдаг байсан. Би л гэхэд дөрөвдүгээр анги хүртлээ хөдөлгөөнт гимнастикт оролцож, дарцаг барьж явлаа. Хүүхдүүд ихэвчлэн тэмцээнд оролцож, эсвэл сагс, теннис тоглож, сургуулийн арын спортын талбайд ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан. Орцонд эсвэл байрныхаа гадаа бөөнөөрөө суугаад гитардаж дуулцгаана. Одоо харахад соёл, хүмүүжил, боловсролын ажилд, бие хүнийг хөгжүүлэхэд төр, засгаас их анхаардаг байжээ.
Түүх ярьдаг орчинд өссөн минь...
1966 онд Улаанбаатарт маш их талбайг хамарсан, олон хүний амь нас, эд хөрөнгийг сүйтгэсэн их үер болсон юм. Үерийн дараа айлуудыг Яармаг руу нүүлгэхэд эмээ өвөө хоёрыг малтай гээд тийш нүүлгэсэн. Одоогийн Яармаг ингэж үүссэн юм. Өвөө эмээгийнд настайчуул их ирж үлгэр домог, түүх ярьж, хууч хөөрнө. Миний эмээ Пүрэвгил маш ой сайтай хүн байлаа. Тиймдээ ч нутгийнхан эмээгээс төрөл саднаа мэдэх гэж ирдэг байсан юм. Эмээ холын хамаатныг нь хүртэл хэлж өгнө. Ийм орчинд өссөн учраас надад түүх их ойр байсан. Багадаа түүхч болно гэж боддоггүй, тэр үеийн хүүхэд бүрийн л адил цагдаа, мөрдөн байцаагч, тагнуулч мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байлаа. Ээж маань НАХЯ-ны эмнэлэгт ажилладаг байсан болохоор намайг эмч болгоно гэдэг байсан ч би ёстой дургүй байсан. Түүхтэй их ойр болоход манай 10 жилийн сургуулийн түүх, нийгмийн багш П.Туваанжав, Д.Цэвээн гэдэг хоёр хүн бас их нөлөөлсөн. П.Туваанжав багш Намын Төв Хороонд өндөр алба хашиж байгаад Лоохууз, Нямбуу нарын хэрэгт холбогдоод албан тушаал буурч, сургуульд багшаар ирсэн. Тэр үед Монголын түүхийг аль болох хязгаарлаж, түүхэн үйл явцыг эзэнгүйдүүлж уйтгартай болгосон байлаа шүү дээ. Гэтэл энэ хоёр багш маань түүхийн хичээлийг их сайхан, сонирхолтой заадаг байсан юм. Би ч өөрөө түүх, уран зохиолын хичээлд их дуртай байлаа. Тооны төрлийн хичээлдээ тааруу.
Агуу түүхчдийн үргэлжлэл
МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн түүхийн ангийг сонгож орсон минь, тэр жил түүхийн ангийн хуваарь ирсэн нь миний хувь зохиол гэж боддог. Би 1978 онд оюутан болоод 1982 онд сургуулиа төгссөн. Энэ үед Б.Ширэндэв, Ш.Нацагдорж, Х.Пэрлээ, Н.Ишжамц, Д.Дорж, Л.Бат-Очир, Э.Чимэдцэрэн гээд агуу түүхчид бүгд их сургуульд спец лекц уншдаг байлаа. Би бүгдийнх нь лекцийг сонссон. Энэ бол их аз завшаан шүү. Нийгмийн ухааны факультетийн декан нь талийгаач Зоригийн аав Ц.Санжаасүрэн гуай байлаа. Тэр хүн бидэнд эртний дэлхийн түүхийг заадаг байсан. Декан хүн байж хүүхдүүдтэй их тулж ажиллана, даалгавар их өгнө. Манай ангийн Тод бид хоёр Ц.Санжаасүрэн багш дээр нэг удаа реферант хийж байгаад орчуулгаа дутуу хийгээд хэд хоног хоцроочихсон юм. Тэгтэл бид хоёрыг гэртээ авчраад “Наадахаа дуусгасан хойноо гараарай” гээд цоожлоод явчихдаг юм байна. Бид хоёр суусаар байгаад орой ирэхэд нь хийгээд дууссан байсан. Одоо бодоход хүүхдэд юм сургая гэсэн чин хүсэлтэй хүн байж дээ. Монголын эзэнт гүрний үеийн түүх заадаг Э.Чимэдцэрэн гэдэг багш байлаа. 1960-аад оны эхэн үед ШУА-иас хэд хэдэн том сурвалж бичиг гаргасныг багш их уншуулна, уншихад хэцүү ч мэргэжлийн ангийн хүүхдүүд гээд маш өндөр шаардлага тавьж, зарчимч ханддаг байсан. Бас семинарт муу оролцвол шүүрний модон ишээр зоддог байлаа шүү дээ. Э.Чимэдцэрэн багш бол монголын анхны эмэгтэй том түүхч эрдэмтдийн нэг. Монгол, Хятадын харилцаа сайн байхад урд сурч байсан хүмүүсийн нэг л дээ. Түүнтэй хамт нэрт түүхч Ч.Далай, Н.Ишжамц, Д.Төмөр-Очир нар төгссөн байдаг. Бас бидэнд МАХН-ын түүх гэж хэдэн улирал дамнан ордог хичээлийг Б.Хүүхэнбаатар, Л.Бат-Очир багш нар заадаг байлаа. Энэ хичээлийг орохдоо намын гавьяа гэж хоосон магталгүй, зүтгэлтнүүдийн түүхийг их ярьдаг байсан санагдана. Ингээд бодохоор шилдгүүд их сургуульд хичээл заадаг байж дээ.
Сайн дураараа багшлахаар очсон минь
Бидний үед бүх зүйл төлөвлөгөөтэй, боловсон хүчин хаана хэрэгтэй байна тийш хуваарилдаг, хуваарилсан газар руу явахгүй гэж зугтаасан хүнийг дор нь барьж аваад Хөдөлмөрийн товчоонд өгчихдөг байсан. Хөдөлмөрийн товчоо нь бүр хаашаа ч хамаагүй “цөлнө”. Ажилгүй хүн байж болохгүй, тийм хүн байвал нийгмийн хөдөлмөрөөс хойш суусан гэж шийтгүүлдэг байлаа. Би түүхч, багш мэргэжил эзэмшиж төгсөөд, 22 насандаа Баянхонгорын Байдрагийн сангийн аж ахуйд багшаар очиж байсан. Баянхонгор гэдэг аймаг хаана байдгийг ч мэдэхгүй шахам хүүхэд явж байлаа. Манай ангийн Сайнбаяр гэдэг залуу “Манай аймаг их гоё, тийшээ явъя” гэхэд нь “За тэгье” гээд л явж байсан. Хэрэв Сүхбаатарын нэг нөхөр “хамт явъя” гэсэн бол “за” гээд л явах байсан байх. Намайг очиход аймгийн Боловсролын хэлтсийнхэн “саналаараа хамгийн түрүүнд ирсэн” гээд их сайхан хүлээж авч, зурагт гардаг, орон сууцтай гоё газар суулгахаар болоод, зөвлөлтийнхөн ажилладаг, тэдний тусламжаар баригдсан Байдрагийн сангийн аж ахуйд нэг өрөө байр олгосон. Ингээд би анх тавдугаар анги дааж аваад ажиллаж эхэлсэн дээ.
Архивын түүх
Байдрагийн сангийн аж ахуйд жил гаруй ажиллаад ар гэрийн гачигдлаар хот руу буцаж МУИС-ийн II байрны урд талын Улсын түүхийн төв архивт архивчаар ажилд орсон юм. Их сургуулийн урдах энэ байр монголын анхны архивын зориулалтын байр байсан. Хожим мөнх цэвдгээс үүдэлтэй цууралт үүсээд архивын байрны шаардлага хангахаа больсон. Архивын газар 1957 онд энэ байрандаа орохоос өмнө Гандангийн Жанрайсаг сүмд байсан түүхтэй. Гандангийн бурхадыг 1930-аад оны үед ЗХУ-руу гаргаж, мяндаг тушаалтай лам нарыг устгаж, бусдыг нь тараан хийдээс нь хөөгөөд явуулчихсан. Тэгээд сүм хийд эзгүйрсэн болохоор 1940-өөд оны үед архивыг тийш оруулсан байдаг. Монголын архив их баян шүү. Бид ч соёлын их өвтэй улс. Гэхдээ олон жилийн дайны хөл, Мин улсын довтолгооны улмаас маш их түүх дурсгалын зүйлс үрэгдсэн байдаг. Хятадын түүхэнд дараагийн төр тогтохдоо өмнөх төрийнхөө баримтуудыг устгадаг уламжлал бий. Энэ уламжлалаараа Мин улс монголын Юань гүрнийг унагаж, өөрийн төр засгийг сэргээхдээ Юань гүрэн, монголын түүхтэй холбоотой олон баримтыг шатааж устгасан байдаг. Мин улсын цэргүүд Хархоринг гурван удаа шатаахад манай соёлын өвүүд ихээр үгүй болсон. Өнөөгийн архивт 1674 оноос хойших баримтууд бий.
Судалгааны ажилдаа орсон нь
Архивт ажиллаж байгаад НАХЯ-ны дунд сургууль дээд сургууль болж өргөжихөд би тэнд түүхийн багшаар очиж 1988 он хүртэл багшлаад, дараа нь НАХЯ-ны тусгай архивт саналаараа судалгаа хийхээр ирсэн. Ингээд улс төрийн хэлмэгдүүлэлт Монголд гарах болсон шалтгааныг судалж, 1998 онд “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад орчны нөлөө” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. Монголчуудын XX зууны түүхэнд тохиолдсон хамгийн бараан, эмгэнэлтэй, сургамжтай явдал бол хэлмэгдүүлэлт. Бие биеэ үгүйсгэсэн, үзэн ядсан, бөөнөөр нь алж хядсан цаг үе байсан шүү дээ. Бид үүнийг мэдэж, цаашдаа сэргийлж явах хэрэгтэй. Мартаж болохгүй. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд нийгмийн оюун санааны удирдагч гол тэргүүлэх хүмүүс, лам нар, алтан ургийнхныг хоморголон устгасан байдаг. Би 2000 оноос Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад 2014 оноос судалгааны ажилдаа эргэж ороод байна. Манайд түүх сурталчилгааны ажил нэлээд дутагдалтай учраас олон түмэн түүхээсээ жаахан хөндий байдаг дутагдал бий. Түүхчдээс гадна нийт ард олноороо түүхээ мэддэг байх ёстой, түүхчдийн бичсэн асар олон бүтээлийг хүмүүст яаж хүргэх вэ, залуусыг яаж түүхэндээ дуртай болгох вэ, яаж уншдаг болгох вэ гэж бодож явсны эцэст “Монголчууд” гэдэг түүхийн сонсдог номоо бүтээсэн. Залуус түүхээ унших гэхээр түүхэн үйл явдлуудын дэс дарааллыг мэдэхгүй, гарт тааралдсанаа унших тохиолдол их байдаг. Тийм болохоор түүхэн он цагийн ай саваас гол гол үйл явдлууд юу байна вэ гэдгийг түүж энэ номдоо оруулсан.
Миний хань
Миний эхнэр Т.Цэрэндэжид бас хотод төрж өссөн. Манайх хоёр охинтой. Багаасаа бид бие биеэ мэддэг байж байгаад намайг Баянхонгороос ирсний дараа нэг гэрт орж, 30 гаруй жил ханилж байна. Бидний үед хүмүүс олон жилийн өмнөөс мэддэг хүнтэйгээ л ханилдаг байлаа. Тэр үеийн залуу гэр бүлүүдийн нэг том асуудал бол орон сууц. Одоо ч ялгаагүй. Бидний үед голдуу аав ээжтэйгээ хамт амьдарна, эсвэл айлын хажуу өрөө түрээслэнэ. Бид байртай болтлоо найман айлын хажуу өрөөг дамжсан байдаг юм. Ер нь хүний амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг зүйл бол ханиа зөв сонгох. Ханиа сонгохдоо эцэг эхийнхээ зөвлөгөөг сонсож, болж өгвөл зөрөөд хэрэггүй.
Хот төлөвлөлт
"XX зууны эхэнд Монгол улс гэж дэлхийн газрын зураг дээр байхгүй, Манжийн эрхшээлд байлаа."
Бидний шинэ түүхийн нэгэн чухал үе нь XX зуун. Энэ зууны эхэнд Монгол улс гэж дэлхийн газрын зураг дээр байхгүй, Манжийн эрхшээлд байлаа. Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн босгоё, хөгжье, хоцрогдлоосоо гаръя гэж тэмцсэний дүнд Манжийн эрхшээлээс ангижрахад ертөнцийн хөгжлөөс 200 гаруй жилээр хоцорсон байлаа.
Үүнийг богино хугацаанд даван туулах алхмыг монголчууд өнгөрсөн XX зуунд хийж чадсан. Ялангуяа XX зууны хоёрдугаар хагас буюу 1950-1980-аад оны сүүл үе хүртэлх 30 гаруй жилийн хугацаанд асар том үсрэлт хийсэн. Энэ бол жинхэнэ барын үсрэлт. Бар улс болно гэж ярьдаг нь барын биеэ хурааж байгаад огцом хол үсэрдэг үсрэлттэй зүйрлэж байгаа хэрэг. Барын үсрэлт хийсний дүнд одоогийн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд богино хугацаанд сүндэрлэж, улс орон дан ганц мал аж ахуйн орноос хөдөө аж ахуй - аж үйлдвэрийн орон болж, хүн ам нь өсч эрүүлжин, боловсролтой болсон. Улаанбаатар хотыг дорно дахины хэв маягтай гэхээсээ илүү европ зүгийн хэв шинжтэй хот болгоно гэсэн зорилтыг 1940-өөд оны сүүлчээс тавьж, тухайн үеийн удирдагч Х.Чойбалсан энэ ажилд өөрөө биечлэн оролцож хотыг барилгажуулах, хотын төвийн өнгө төрхийг шинээр бий болгохын тулд европ, сонгодог загварыг сонгож авсан байдаг юм. Тэр үед Францын хот байгуулалтын үлгэр жишээг хүртэл нягталж үзсэн байдаг. Тэр жишгээр Төрийн ордныг урдаа том талбайтай, эргэн тойрондоо соёл, боловсролын газруудтай, барилгаа европ хэлбэртэй байлгана гэж төлөвлөөд барилгажуулж эхэлснээр
1947-1951 он гэхэд хотын төв хэсэг шинээр бий болсон юм. Одоогийн ДБЭТ, Төрийн ордон, Хөрөнгийн бирж, МҮЭТЗ-ийн барилга, хотын захиргаа, Төв номын сан, МУИС, түүний хажуугийн орон сууцнууд энэ л үед баригдсан. Улаанбаатар хотыг европ загварын хот болгохоор шийдвэрлэсэн нь бидний өмнөд хөршөөсөө соёлоор тусгаарлагдах үзэл бодол, дархлаатай холбоотой болов уу. Өмнөд хөрш хавь ойрынхоо бүгдийг л уусган ижилсүүлэхийг оролдож байдаг улс шүү дээ. Ангид байх энэ үзлийн нэг илрэл нь хот байгуулалтад тусгалаа олсон юм болов уу гэж би боддог. Анхны төлөвлөлтөөр бол хот төвөөрөө намхан, хоёр жигүүрээрээ тэлсэн өндөр барилгатай, Төрийн ордноос урагшаа барилгагүй их том сул орон зайтай байх байж. Гэвч 1960 оноос хойш нийслэлчүүдийн тоо эрс нэмэгдсэн нь малыг нийгэмчилж, нэгдэлжих хөдөлгөөн эхэлсэнтэй холбоотой. Нэгдэл, сангийн аж ахуйнууд байгуулагдсанаар хөдөөд илүүдэл ажиллах хүч болсон иргэд суурин амьдралд шилжиж, үйлдвэрийн ажилчин болсон нь хотын хүн ам эрс өсөхөд нөлөөлсөн юм. Ингээд иргэдийг хотын соёлд сургах том ажил эхэлсэн юм.
Соёлын довтолгоо
1960-аад оны эхэн үед соёлжилтын аян өрнөсөн бөгөөд энэ үйл явцыг бид түүхэндээ “Соёлын довтолгоо” гэж нэрлэсэн билээ. Соёлын аян өрнөсөн шалтгаан нь нүүдлийн өвөрмөц иргэншлээс их хотын давчуу, нүргээнт амьдралд гэнэт шилжсэн хүмүүс амьдралын хэмнэл, хэвшил зуршлаа өөрчилж, хувийн болон нийтийн шинэ соёлд дасан зохицох хэрэгтэй болсон юм. Үүнийг улс нэгдсэн бодлогоор захиргаадалтын аргаар шийдсэн бөгөөд соёлын довтолгоо зөвхөн хотод биш, нийт Монгол даяар өрнөсөн. Хөдөөний малчид дээлээ нөмөрч унтаж болохгүй, бүх иргэд хөнжил, цагаан даавуутай байна, оймс өмсөнө, шүдээ угааж хэвшинэ, айл бүр ном, сонин уншина, гэрийн номын сантай байна, олон нийтийн газар бохир заваан явж болохгүй, гудамжинд шүлс хаяж, өтгөн шингэнээр бие засаж болохгүй гэх мэт бүр жижиг зүйлээс эхлээд амьдралын бүх хүрээнд том өөрчлөлт хийж эхэлсэн дээ. Энэ үед Монголын зохиолчдын цоо шинэ үе төрөн гарч, дэлхийн шилдэг уран зохиолын орчуулгууд олон тоогоор хэвлэгдэн гарах болсон юм. Нэг ном 30,000-40,000 хувь хэвлэгдэх төдийгүй 2, 3 дахь хэвлэлүүд нь мөн тэр тоогоор гарч, монголчууд уншигч ард түмэн болсон. Бас “Матар” нэртэй шүүмжлэлт, өнгөт сэтгүүл гардаг байлаа /сүүлд “Тоншуул” нэртэй болсон/. Буруу үйлдэл хийсэн хүнийг энэ сэтгүүлд “матарладаг” байсан ба тэр хүн шүүмжлэлийн бай болдог байлаа. Ингээд “Соёлын довтолгоо”-г гурван жилээр төлөвлөж явуулахад үр дүнтэй байсан учир ахин хоёр жилээр сунгасан байдаг. Үүний ачаар нийт монголчууд ихээхэн соёлжиж Улаанбаатар хотын иргэн гэх шинэ хүмүүс бий болсон билээ.
Нийтлэлийг: Б. Болортуяа
Нийслэл Guide сэтгүүл №68 / Би энд амьдардаг булан