Арван наймхан насандаа театрын босгоор алхаж, хожмоо урт хамарт Буратиногийн дүрээр алдаршин Хүүхэлдэйн театрт данслагдсан нэгэн бол МУСТА, жүжигчин О.Норолхоо юм. Гэгээн цагаанхан хүүхдийн ертөнцтэй хувь заяагаа холбосон тэрбээр анх 500-гийн дэнжид суурьшин амьдарснаас хойш өрх тусгаарлан гарсан ч өнөө л өссөн газартаа өтөл насаа элээн сууна.
Нисэгчийн охин
Би 1950 онд Амгаланбаатар хотод аав ээжийнхээ гурав дахь охин болон мэндэлж, бага балчир насаа тэнд өнгөрүүлсэн. Миний аав Орост Цэргийн нисэхийн сургуулийг Орлоов гэдэг орос нэртэй төгсөж ирээд Монголын нисэхийн скадрилийн даргаар ажиллаж эхэлсэн. Аав минь хөдөө орон нутгуудаар тахал өвчин тархсан үед Оросоос ирсэн эмч нарыг тухайн аймагт нь хүргэж, аймгаас аймгийн хооронд агаарын шинэ замыг нээлцэж явсан юм. Тэгж яваад Богд уулын ойролцоо онгоцтойгоо унаж бэртээд, “Ийм олон хүүхэдтэй хүн чинь амьд байх хэрэгтэй” гээд нисэгчийн ажлаа орхисон. Ингээд аав минь Амгалангийн Орос цэцэрлэгт, дараа нь Төмөр замын цэцэрлэгт няраваар ажилд ороод, ажилдаа ойрхон гээд 500-гийн дэнжид газар авсан юм болов уу даа. Бид эхээс долуул. Ээж минь биднийг л байнга харж байсан, бурхан шиг хүн байлаа.
500-гийн дэнжид суурьшсан нь
Би Амгаланбаатарын дөрөвдүгээр 10 жилд нэгдүгээр ангиа төгсөөд, есөн наснаасаа хойш өдийг хүртэл 500-гийн дэнж буюу III, IV хороололд амьдарч байна. Тэр жил аав минь “500-гийн дэнж гэж их сайхан шинэ зүлэгтэй газар байна” гээд биднийг аваад ирсэн. Биднийг нүүж ирээд ачааны машинаас буухад нов ногоон тал, хагас дутуу барьсан хэдхэн хашаа л тэнд байсан нь бүүр түүрхэн санагддаг юм. Бас усан сан байдаг гэж аав минь зааж өгч байсан ч одоо тэр байхгүй болжээ. Магадгүй, байсан газар нь барилга барьсан биз. Ээж минь биднийг хардаг байсан учраас аав минь одоогийн Өргөө кино театрын ойролцоох газартаа ганцаараа л хашаа байшингаа барьсан санагдана. Тэнд анх хоёр давхар хэдэн бор байшин байсныг л 500 айлынх гээд тийм нэр өгсөн болов уу. Одоо тэр хүрэн байшингаас ганц хоёрхон бий. Өндөр байшин харж байгаагүй, гэр хороололд өссөн надад тэр хүрэн байшингууд үнэхээр сайхан харагддаг байлаа. Тухайн үед “Дарьгангын 18” гэдэг нэртэй гудамж, гандангийн өндөр Жанрайсэг бурханы байшин, Хүслийн мод л байсан шүү дээ. Тэр зэлүүд талд айлууд зугуухан нэмэгдсээр 1968 онд намайг сургуулиа төгсөхөд дүүрэн айлтай болсон байсан. Нэг бодлын харамсмаар, нөгөө бодлын гоё ч юм шиг. Олуулаа болж байгаа ч хуучин дүр зургийг үгүйлдэг юм билээ. Гэвч би 500-гийнхнаараа бахархаж ярих дуртай. Улаанбаатар хотод их үер болоход манай дэнжийн айлууд л тэр үерт өртөлгүй өнгөрч, орон гэргүй болсон олон ч хүнийг гэртээ оруулж байсан даа. Манайх ч гэсэн нэг эмээг охинтой нь, хүүхдүүдтэй нь оруулж орон гэртэй болтол нь байлгасан.
Үүдээ нээсэн театр
Манай 10 жилийн хүүхэд, ТВ-9 телевизийн дарга, зохиолч Т.Баасансүрэн аравдугаар ангидаа нэг жүжиг бичсэн юм. Түүнд нь би эрх охин нь болж тоглож байлаа. Тэгээд “Жүжиглэнэ гэдэг чинь ямар гоё юм бэ” гэж бодож байлаа. Тэр жилээ Драмын театрт тавигдсан “Буутай хүн”, “Сахиуст цэрэг” жүжгийг санамсаргүй үзчихээд бас л сэтгэл татагдан, театрын 17 дугаарын өрөөний хажуугийн цайны газарт жүжигчдийг бодитоор нь харчихаад “Би ер нь жүжигчин болбол яасан юм?” гэж бодох болсон. Гэтэл хувь тавилангаар ч юмуу төгсөх жил сургууль дээр театрын хүмүүс ирж жүжигчин шалгаруулж авахад Эрдэнэчимэг гэдэг хүүхэд бид хоёр тэнцэж байлаа. Тэгээд бид хоёрыг “Театрт очиж дахин шалгуулаарай” гэв. Бид чинь 500-даа л байдаг, хотын төв рүү бараг орж үзээгүй, хөдөөнийхдөө тооцогдоно. Аавынхаа авч өгсөн эрэгтэйчүүдийнх шиг хагас түрийтэй, 45 төгрөгийн үнэтэй гутлыг л хамгийн гоё гэж боддог байсан үе. Тэгээд шалгаруулалтад явахдаа бас гоёчих санаатай 10а-гийн найз Долгорсүрэнгээсээ каучукан ултай гутлыг нь гуйж өмсөөд, шилэн трико, копроноо зүүгээд хотын төв рүү явсан чинь хажуугаар өнгөрч байгаа, бас шалгуулахаар ирсэн эгч нар гоё цагтай, ээмэгтэй, үсний хавчаартай, ганган гэж жигтэйхэн. Тэгээд МУАЖ Д.Ичинхорлоо, Д.Гомбосүрэн, МУГЖ Т.Цэвээнжав зэрэг алтан үеийнхний өмнө шүлгээ уншиж шалгуулсан юм. Ингээд хоёр дахь шалгаруулалтад тэнцсэн 50 орчим хүүхдээс таван хүүхэд тэнцсэний нэг нь би, нөгөө дөрөв нь П.Цэрэндагва, Б.Цэрэнпагма, Г.Жигжээ, Д.Баяраа нар байсан юм. Тэгээд “Та тавыг авлаа. Норолхоо чи “Таван хуруу” жүжгийн хамгийн бага хүү Идэрийн дүрийг ав” гээд зохиолыг нь өгсөн. Тэрийгээ бариад сургуулийнхаа хаалгыг өшиглөөд нэг их том хүн явж орж байлаа. Намайг театрт орох үед ардын жүжигчин Ц.Цэгмид гуайгаас бусад бүх алтан үеийнхэн байсан юм. Тэд л биднийг жүжигчин болгосон. Надад хамгийн анх хичээл зааж, Идэрийн сургуулилтыг хийлгэж байсан хүн бол “Өнөр бүл” кинонд мэнгэтэй хүүхэн хайдаг МУГЖ Б.Пүрэв, “Их замын эхэнд” кинонд цоохор хужаагийн дүрд тоглодог МУГЖ Б.Мижиддорж нар байлаа. Ээж аавтайгаа элэг бүтэн өссөн, өлсөж үзээгүй миний хувьд хаягдсан, өлссөн, ядуу хүүхдийн дүрд тоглох хэцүү байсан. Тэгээд бэлдсээр байгаад долдугаар сард, төгсөх шалгалтын үеэр анхны тоглолтоо хийж байлаа.
Хүүхэн бол миний тоглох дүр биш
Ер нь хүүхдийн жүжигчин болохын тулд өөрийгөө их эвдэнэ. Нохой, гахай, чоно, муур, хулгана, шувуу гээд бүгдийнх нь дүрд орно шүү дээ. Нэгэн удаа би М.Горькийн Егор Бульчев жүжгийн “Шура” охины дүрд тоглох болов. Жүжигт охиныг авга ах нь эргүүлж, эмэгтэй хүний болохгүй газраас барих ёстой. Гэтэл Б.Баатархүү ахыг дөхөөд ирэхээр л айгаад, “Ямар балай юм” гээд давхийгээд үсрээд босчихно. Найруулагч мэдээж “Юугаа хийгээд босч давхиад байгаа юм, зүгээр л сууж бай!” гээд л хамаг муу үгээ хэлнэ шүү дээ. Сүүлдээ хөхөвчиндөө цаас чихчихсэн. Тэр дүр ёстой сайн болоогүй. Дандаа л 5-18 насны эрэгтэй хүүхдэд тоглодог хүн чинь аргагүй шүү дээ. Тэгээд ч, юугаа ч мэдэхгүй бид чинь гэнэт тэврүүлнэ, үнсүүлнэ гэхээр ухаан санаанд багтахгүй байгаа хэрэг.
Тэмцэж босгосон өнөөдрийн амьдрал минь
Жүжигчин болоход миний амьдралд олон бэрхшээл тулгарсан. Дөнгөж 10 жилийн сургуулиа төгсөөд очсон гэр хорооллын хүүхэд театрын элит давхаргад орохоор ямар байх нь ойлгомжтой. Дүрээ бүтээх гэж нухлагдана, Дүр авахад чи яагаад авч байгаа юм?” гээд дээрэлхүүлнэ. Дотроо л “Яана аа” гэж бодно, хааяа уйлна. Тэглээ гээд аав ээж минь өмөөрч байсангүй, би хэн нэгэнтэй ам зөрж ч байсангүй. Энэ бүхнийг давж явсаар ханьтайгаа гэрлэсэн ч миний ханийн ээж маш хатуу хүн байсан учраас гомдож, хөөгдөж явсан үе ч байна. “Театрын хаалгаар орохдоо бүх гуниг зовлонгоо март” гэдэг хатуу хууль бий. “Юу ч болсон, бүр дотны хэнбугай нь ч бурханы оронд одсон чи ажлаа хий, үзэгчдээ хүндэл. Үгүй бол гар” л гэдэг. Надад ч ийм зүйл тохиолдож байсан. Гэхдээ би ханийнхаа ээжийг бурхан болсны дараа бүхнийг ухаарсан юм. Тэр хүн, театрынхан маань ч гэсэн муу хүмүүс биш байж, яагаад гэвэл бид тэдэнд “чангалуулж” байснаараа сэтгэлийн тэнхээтэй, хүлээцтэй болжээ. Яагаад гэвэл юуг даван туулах ёстой, юуны өөдөөс сөрж зогсох хэрэгтэй вэ гэдгийг би ухаарсан юм. Миний өнөөдрийн тайван, аз жаргалтай амьдралыг тэд өгсөн.
Миний хань
Миний ханийг Д.Эрдэнэчимэг гэдэг. Надтай адилхан 10 дугаар ангиа төгсөөд театрт орж ирсэн. Миний ханийг театрт анх гэрэлтүүлэгчээр орох гэхэд нурууг нь намхан гэж голсон ч авсан юм билээ. Гэрлээ солих гэтэл нуруу нь хүрэхгүй, театрынхан загнахаар нь техникээр оролдож эхэлсэн байгаа юм. Түүгээрээ хаана л бол хаана явсаар түүндээ гаршиж, гэрлийн инженер ба уран сайхны гэрлийн мастер гэж хүндлэгдэх болсон доо. Анх намайг театрт ороод сургуулилт хийж байхад томчууд Эрдэнээ гэдэг хүний тухай их ярьдаг байлаа. “Сайн хүн, алт шиг хүн” л гэнэ. Б.Мижиддорж гуай ам нээвэл л магтана. Нэг өдөр би Б.Баатархүү ахаас “Эрдэнээ гэж ямар хүн байдаг юм?” гэсэн чинь “Манай дуу, хөгжим тавьдаг хүн” гэхэд нь хараад л өнгөрч байсан. Хожим нэг удаа бригадаар явж байхдаа л бид дотно танилцаж, ханилсан даа.
Амьдралыг тэтгэсэн 500-гийн дэнж
Хань бид хоёр өөрийн гэсэн гэр оронгүй учраас яваагүй газар үгүй. Энд, тэнд очиж амьдраад байхаар театрын захиргаанаас МУАЖ Э.Оюун багшийн зохиолоо бичихдээ суудаг байсан гэрийг барьж өгсөн юм. Тэндээ амьдарч байгаад бид одоогийн байрандаа орж байлаа. Миний ханийн хөдөлмөрийг үнэлж, Драмын театраас байр өгсөн нь өнөө л миний өссөн 500-гийн дэнжийнх байсан юм. Бидэнд тэр гоё байранд ороход гудас, цагаан толгойтой орноос өөр юм байгаагүй. Ингээд, Орос руу аялан тоглолтоор явахдаа “Буйдан, хавтастай толь авмаар байна” гэж А.Таяа даргаас хүсээд, театрын вагонд буйдан, толь, 450 төгрөгийн үнэтэй бор ширээг сандалтай нь дайгаад ирсэн чинь даргыг “Хувийн юмыг албаны вагонд ачуулсан” гээд намын хурлаар оруулжээ. Тэгтэл дарга “Эд нар театрт хар нялхаараа орж ирсэн. Өөрсдийнхөө мөнгөөр амьдралаа босгох гэж явахад нь би иймхэн юман дээр зөвшөөрөл өгөх эрхгүй юм бол дарга байгаад яах юм?” гээд батлахаа авч шидсэн гэдэг. Тэгж тавилгатай болсноор манайх их л баян айл болсон шиг санагдаж билээ.
Үнэлэгдсэн авьяас
Театрынхан таван жилд нэг удаа аялан тоглолтоор явдаг байлаа. Социалист орнуудын Азийн наадмуудад оролцож, олон ч газраар явсан даа. Хамгийн дурсамжтай нь энд олон удаа хаагдаж байсан Д.Батбаярын зохиол “Хөхөлдэй хүүгийн үлгэр” жүжиг Москвад тоглогдсон үе. Тэр жүжигт би 15 толгойтой мангасын эх шуламд тоглосон юм. Дараа нь шүүмж, хурлын үеэр оросын театруудын холбооны нэгэн эмэгтэй “Монголын чөтгөрт тоглосон хүн бос” гэлээ. Би бүр айчихсан, “Монголдоо нэг их магтуулдаггүй хүн чинь яалаа гэж гадаадад магтуулах билээ. Яах гэж байгаа юм бол” гэж бодоод бостол “Танд баяр хүргэе! Маш сайхан тоглолоо. Танай жүжгийг үзэхэд надад маш олон школ харагдлаа. ЗХУ-д болон Монголдоо сургууль төгссөн хүмүүс ч байна. Хамгийн сайхан нь, жинхэнэ байгалийн авьяасаараа байгаа жүжигчин бол энэ эмэгтэй байлаа” гэж үнэлсэнд би одоо ч их баярлаж явдаг даа.
Нийтлэлийг: Б.Болортуяа
Нийслэл Guide сэтгүүл №75/ Би энд амьдардаг булан