1. Байгалийн түүхийн музейн өмнөх хоёр чулуун арслан
Байгалийн түүхийн музей 2017 он хүртэл хаалгаа барьсныг нийслэлчүүд маань анзаарсан болов уу? Тус музейд том хэмжээний засвар хийхгүй бол нурах эрсдэл тулгараад байсан. Иймд яамнаас урт хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан байна. Уг нь шинэ музейн зураг төсөл аль хэдийнэ бэлэн болсон. Гэвч, музейд урьд нь ажиллаж байсан менежер ажлынхаа гадна талбайг хууль бусаар хувьчлан өөр хүнд зарсан учир уг газрын маргаан шийдэгдэхгүй байгаа гэнэ. Үүнээс гадна санхүүгийн асуудалтай холбоотойгоор музейд ямар ч засварынажил өрнөхгүй байгаа юм байна.
Нэг зүйлийг сонирхуулахад, музейн төв хаалганы өмнөх "манаач" хоёр арсланг тэртээх XVIII зууны бүтээл болохыг түүхчид нотолдог. Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын дөрвөн ордны нэг, Төрийн шар ордны өмнө Богдын өргөн чөлөө буюу Их чөлөө нэртэй томоохон талбай байв. Тухайн үед, талбайн шөргөн хашааны урд хаалганы хоёр талд эдгээр чулуун арслан байсан аж. Хоёр арсланг 1954 онд эрдэмтэн О.Намнандорж одоогийн Байгалийн түүхийн музейн төв хаалганы өмнө авчирч байрлуулсан түүхтэй. Иймд тус музейд засвар хийхдээ эдгээр арслангаа хайрлаж нандигнаасай.
2. Дэлхийн хамгийн жижиг бирж
Ардын хувьсгалын үед НИЙСЛЭЛИЙН төв хэсэгт хоёр урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулж байв. Баруун талд Элдэв-Очирын хүүхдийн кино театр, харин зүүн талд нь УДБЭТ. 1991 онд хаалгаа барьсан хүүхдийн кино театрыг Монголын хөрөнгийн бирж болгосон билээ. Уг байгууллага хэдийгээр дэлхийн хамгийн жижиг биржээр тооцогддог ч өдгөө 610 компанийн үнэт цаасны бүртгэлтэйг, мөн зах зээлийн хувьчлалын өндөр үзүүлэлттэй талаар гадныхан ярьдаг. Манайх шиг хөгжиж буй зах зээлтэй хөрөнгийн биржүүдэд олон бэрхшээл тулгардаг ч манайхаас ч сүүлд нээгдсэн Вьетнамын хөрөнгийн бирж 800 гаруй компанийн үнэт цаасны бүртгэлтэй болжээ. Энэ нь гадаад улс орноос авч буй хөрөнгө оруулалттай нь шууд холбоотой болов уу.
3. Төв хэсгийг тойрсон хөшөөнүүд
НИЙСЛЭЛ дэх ихэнх уран баримал төв хэсгээ тойрч баригдсан байдаг. Жуулчид ямар хотын захаар явах биш дээ. Үүнтэй ч холбоотой биз. Төв хэсэгт Их эзэн Чингис хаан, Д.Сүхбаатарын хөшөөнөөс эхлээд Марко Поло, Б.Ринчен, С.Зориг, Ю.Цэдэнбал, хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гээд олон хөшөө дурсгал бий.
Ерөөс Улаанбаатар дахь уран баримлуудын түүх Нийслэл хүрээний үеэс эхэлсэн байдаг. Тухайн үеийн урчууд чулуун арсланг олноор нь бүтээж үлдээжээ. Харин хүний дүрстэй анхны хөшөө 1946 оны долдугаар сарын 11-нд төв талбайд нээлтээ хийсэн нь жанжин Д.Сүхбаатарын хөшөө юм. Уг хөшөөг алтан ургийн Хиад овгийн Өндөр гэгээн Занабазарын угсаа, бурханч лам С.Чоймбол бүтээсэн түүхтэй. Тэрбээр 10 жилийн хорих ял эдлэн "феодалын" хэргээр шоронд сууж байхдаа Дотоодын яамыг хариуцаж асан Балжиннямд авьяас билгээрээ танигдаж, улмаар Х.Чойбалсантай уулзаж, түүний захиалгаар хэд хэдэн бүтээл урласан байна. Ийнхүү "хуучин нийгмийн үлдэгдэл" бурханч ламыг зөвлөлтийн сургагч нараас нуун, овгийг нь сольж, Сономын Чоймбол хэмээх уран барималч "болгон хувиргажээ". С.Чоймбол зөвхөн уран баримал гэлтгүй үндэсний хээ угалз бүхий сийлбэр, зүмбэр хээтэй гэр, конторын тавилга зэргийг гар аргаар хийхийн зэрэгцээ Их тэнгэрийн аман дахь зочид буудлын ор, ширээ, буйдангийн эх загварыг гаргасан аж. Тэрбээр 1954-1958 онд МУЭ-ийн Баримлын тасгийн даргаар ажиллаж байв.
4. Гудамжаар "зугаалдаг" буганууд
1980-1990-ээд онд нийслэлийн гудамжаар буганууд тайван алхаж, бүр XIX хорооллын Дунд голын эргээр идээшилдэг байсныг гэрчлэх гэрэл зураг мэр сэр харагддаг. Буганууд орон сууцнуудын дэргэдэх хогийн сав, амбаарын сүүдэрт хэвтэж амарна. Өрөвч сэтгэлтэй эзэгтэй нар, бетон оромжныхоо дөрвөн хананы дунд байсаар уйдсан авгайчуул өглөө, үдшийн утаа униар суунаглах "цэвэр агаар"-т ач нараа "салхилуулахаар" гарахдаа боорцог талх, чихэр ёотон хаяж өгнө. Энэ талаар сэтгүүлч, орчуулагч Ж.Нэргүй 1995 онд "Ил товчоо" сонинд "Уупын бугын сүрэг Богдхан уулын зүүн сугаар урагшаа жирэлзэх галт тэрэгнээс айгаад, далан шороонд нь хашигдаад цусаа сэлбэж чадахаа больсноос "маанаг" болжээ. "Маанаг" болсон учраас л хотод орж ирэх болсон нь тэр" хэмээн бичиж байв. Гэвч 1970-1980-аад онд төрсөн нийслэлчүүд хүүхэд насандаа зэрлэг бугыг ойрхноос харсан тухайгаа инээмсэглэл тодруулан ярих дуртай. Харин орчин үеийн хүүхдүүд үүнийг сонсоод ихэд гайхдаг юм билээ.
5. "Хангай" зочид буудал
Циркийн хажууханд сүндэрлэх хотын анхны өндөр барилгуудын нэг, хуучнаар "Хангай" зочид буудлын байрыг 1990 оны бужигнаан дунд "Буян" компани хямдхан хувьчилж авсан тухай амтай бүхэн ярьдаг. Хажуугаар нь өнгөрөх хүмүүс "энэ сайхан объектыг яагаад ашигладаггүй юм бол?" гэж гайхахын сацуу "энд ямар нэгэн муу зүйл байдаг юм болов уу?" гэж бас хардана. Уг барилгыг яагаад засч ашиглахгүй, эсвэл нурааж шинэ барилга барихгүй байгаа юм бол? Одоогоос 16 жилийн өмнө буюу 1995 онд энд нэгэн золгүй явдал болжээ. Тодруулбал, ерээд оны эхэн үеийн зохиолч, философич С.Анударь 22-хон насандаа дээшээ 12, дээвэртэйгээ нийлээд 13 давхар энэ зочид буудлын оройгоос нисч, амьдралтай үүрд салах ёс хийсэн юм. Шүлэг, зохиол, рок хөгжмөөр үе тэнгийнхээ залуусыг шинэ соёлд дуудаж байсан түүний амьдралын хэв маяг бусдаас өвөрмөц байв. "Гуч хүрвэл амьдрал утгагүй болно" гэж ярьдаг байсан Анударь найз нөхөд, ойр дотныхондоо "Та нартай байхад сайхан байлаа. Баяртай" гэсэн захидал үлдээгээд хорвоогоос одсон. Шөнө болгон энэ барилгын доод давхарт байрлах ресторан, уушийн газарт нийслэлчүүд наргиж цэнгэж, бужигнана. Харин дээд давхарт нь... Хүмүүсийг дээш гаргахгүйн тулд бүх гарц, хонгил, шатыг хааж битүүмжилжээ. Магадгүй дээд давхрын "хүмүүсийг" доош буулгахгүй гэхдээ ийнхүү битүүмжилсэн ч байж мэдэх юм.
Нийтлэлийг: 3 Ариунболор
Нийслэл Guide сэтгүүл №49