Хотын иргэд бид түүх соёлын үнэ цэнтэй дурсгалуудын дунд амьдарч байгаагаа, тэдгээр дурсгал түүхэн аль цаг үед хамаардаг талаар тэр бүр мэддэг бил үү? Иймд, Улаанбаатар хот дахь түүх соёлын дурсгалуудтай холбоотой сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Энэхүү нийтлэл нь Нийслэл guide сэтгүүлд 2017 онд “Улаанбаатар хотын ой санамж” нэрээр хэвлэгдсэн цуврал нийтлэлийн үргэлжлэл болно.
Улаанбаатар хот нь Монгол улсын сүүлийн 300 гаруй жилийн түүхэнд улс төр, эдийн засаг, соёл, шашин, үзэл санааны эв нэгдлийн төв, монголын хамгийн том хот болон хөгжсөн билээ. Түүнчлэн, ХХ зууны монголын улс төр, нийгмийн амьдралыг өөрчилсөн 1911, 1921, 1990 оны гурван том хувьсгал энэ хотод өрнөсөн юм. Эдгээр түүхэн нөхцөл, үйл явдал нь Улаанбаатарыг сүүлийн 300 жилийн Монголын түүхийн ой санамжийн эх ундарга болгосон билээ. Мөн Улаанбаатар хот байгуулагдахаас өмнөх үед хамаарах археологийн дурсгалууд энэ нутаг дэвсгэрт олон байдаг нь сонирхолтой.
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг үндсэн хоёр хэсэгт хувааж үздэг.
Археологийн дурсгалуудыг хадны зураг, бичгийн дурсгал, булш оршуулгын дурсгал, тахил тайлгын байгууламж, хөшөө дурсгал гэж, Улаанбаатар хот байгуулагдсаны дараах дурсгалуудыг дурсгалт сүм хийд, түүхэн болон архитектурын дурсгалт барилга байшин, түүхэн хүн хийгээд үйл явдалд зориулсан хөшөө, хотын чимэглэл тохижилтод зориулсан баримал, дурсгалт газар гэж ангилдаг.
Өдгөө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүх соёлын үл хөдлөх 232 дурсгал байгаагаас улсын хамгаалалтад 15, нийслэлийн хамгаалалтад 11, дүүргийн хамгаалалтад 121, бусад 85 дурсгалыг соёлын өвөөр бүртгэн авсан байна.
Улаанбаатар хот дахь түүх соёлын үл хөдлөх дурсгалуудын зарим тоон мэдээлэл
ДҮҮРГЭЭР:
Баянзүрх дүүрэгт 68, Сүхбаатар дүүрэгт 55, Хан-Уул дүүрэгт 36, Чингэлтэй дүүрэгт 27, Сонгинохайрхан дүүрэгт 17, Багануур дүүрэгт 13, Налайх дүүрэгт 8, Баянгол дүүрэгт 7, Багахангай дүүрэгт 1 дурсгал байна.
ОН ЦАГ, ТҮҮХЭН ҮЕЧЛЭЛЭЭР:
ТӨРӨЛ ЧИГЛЭЛЭЭР:
Археологийн дурсгал 68, дурсгалт сүм хийд 9, дурсгалт барилга байшин 39, дурсгалт хөшөө 49, баримал 58, дурсгалт газар 9 байдаг.
Улаанбаатар хот дахь хамгийн эртний дурсгал
Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх хамгийн эртний дурсгалд одоогоос 3000 гаруй жилийн өмнө бүтээгдсэн Их тэнгэр болон Гацууртын аман дахь хадны зосон зургууд тооцогддог. Их тэнгэрийн амны хаданд улаан зосоор дүрсэлсэн, дотроо олон толботой дөрвөлжин хашлага, хүний тойм дүрслэл, халин нисч буй бүргэд, адуу, хашлаганы доод талд зэрэгцээ хоёр замаар адуу хөтлөн явж буй хүмүүсийг тоймлон дүрсэлсэн байдаг. Гацууртын амны хадны зураг нь бусад зосон зургийн дурсгалтай харьцуулахад илүү олон адуу, шувууны дүрс, гараа өргөж эсвэл алдалж адуу хоргоосон болон адуу хөтөлсөн хүмүүсийн олон дүрслэлээрээ онцлогтой. Ялангуяа нохой хөтөлсөн хүний дүрслэл одоогоор бусад энэ төрлийн хадны зурагт илэрч олдоогүй байна.
Улаанбаатар хот дахь хамгийн эртний архитектурын дурсгал
Манжийн хааны зарлигаар 1761-1765 онд II Богд Жавзандамба хутагтад зориулан Дамбадаржаа буюу Шашныг бадруулагч сүмийг барьж өгсөн нь өдгөө Улаанбаатар хот дахь хамгийн эртний архитектурын дурсгал юм. Дамбадаржаа хийд нь цогчин дуган, 12 аймгийн дуган, дөрвөн дацан гээд бүгд 25 дугантай, 1500 лам ном хурдаг томоохон хийд байсан бөгөөд 1937 онд үйл ажиллагааг нь хааж, 1990 онд хурал номын үйл ажиллагааг сэргээсэн байна.
Анхны европ хийцийн хоёр давхар барилга
1861 онд Их хүрээнд Оросын консул сайд суух болж, түүнд зориулан 1863-1865 онд хоёр давхар барилга барьсан нь Улаанбаатар хотын анхны хоёр давхар европ хийцийн барилга болжээ. Гэвч тухайн үед лам нар Их хүрээний хамгийн өндөр уг байшинг “Богдын тахилын модноос өндөр юм бий болов” хэмээн дургүйцэж байв. Тус модон барилгыг 1995 онд буулгаж, 1996 онд хуучин хэвээр нь тоосгон байшин болгон барьжээ. Өдгөө энэ барилгад “Нийслэл” зочид буудал үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний дараах анхны дурсгал
1911 онд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа уг түүхэн үйл явдалд зориулан 1911-1913 онд Гандантэгчинлэн хийдэд Мэгжид Жанрайсэгийн дуганг барьж байгуулсан нь эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний дараах анхны дурсгал болсон юм. Тус дуган 1930-аад он хүртэл Улаанбаатар хотын хамгийн өндөр барилгад тооцогдож байв. Дуганы дотор 80 тохой өндөр Мэгжид Жанрайсэг бурханы алтадмал дүрийг босгож, түүнийг тойруулан түмэн /10000/ ширхэг Аюуш бурхан байрлуулсан байна. Гэвч 1937 онд дуганы үйл ажиллагааг хааж, 1938 онд доторх Мэгжид Жанрайсэг бурханг нь оросууд авч явсан бөгөөд 1991-1996 онд түүнийг дахин сэргээн бүтээсэн билээ.
Монголын орчин үеийн анхны хөшөө
Ардын хувьсгалын удирдагчдын нэг Д.Сүхбаатарт зориулж 1930 онд Эрхүү хотын нэрт зураач К.И.Померанцевийн зураг төслөөр суварга буюу чоддин хэлбэрт хөшөөг Ардын цэнгэлдэх Бөмбөгөр ногоон театрын өмнө босгожээ. Энэ нь Улаанбаатар хотод босгосон монголын орчин цагийн анхны хөшөө юм. Хөшөөний дөрвөн талд зүмбэрлэн хийсэн зураг, нүүрэн талд Сүхбаатарын морьтой дүрс байдаг. 1946 онд төв талбайг цардаж, түүний дунд Д.Сүхбаатарын морьтой хөшөөг босгоход суварга хэлбэрт хөшөөг Цэргийн ерөнхий сургууль буюу одоогийн Батлан хамгаалах яамны хашаанд байрлуулжээ.
Монгол хүний бүтээсэн орчин цагийн анхны хөшөө
1946 онд Улаанбаатар хотын төв талбайд монголын үндэсний баатар Д.Сүхбаатарын морьтой хөшөөг босгосон нь монгол хүний бүтээсэн орчин цагийн анхны хөшөөнүүдийн нэг болсон юм. Уг хөшөөг барималч С.Чоймболын зураг төсөл, удирдлагаар барьж, 1946 оны долдугаар сарын 8-нд нээжээ. Байц хадыг дүрсэлсэн суурь хэсгийн өндөр 8 метр, морь унасан жанжны баримлын өндөр 4 метр гээд уг хөшөөний нийт өндөр 12 метр. Хөшөөг хийсэн материалын чанар муудсан учраас 2011 онд хүрлээр цутгаж, шинэчилсэн.
Хамгийн өндөр, хамгийн сүрлэг хөшөө
Улаанбаатар хотын хамгийн өндөр, хамгийн сүрлэг хөшөө бол Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө цогцолбор юм. Уг хөшөө цогцолборыг 1969-1971 онд архитектор А.Хишигтийн удирдлагаар Н.Уртнасан, Д.Өлзийхишиг, инженер-конструктор С.Я.Кузнецов, И.Бадай, барималч Ц.Доржсүрэн, Т.Зулзага, зураач Я.Үржнээ, Б.Доржханд нар барьж байгуулжээ. Цогцолбор нь дайчдын дурсгалын хөшөө, хөшөөнд очих явган болон авто зам, авто зогсоол, цуглааны талбай, мөнх гал зэргээс бүрдэнэ. Монгол Зөвлөлтийн ард түмний ахан дүүсийн найрамдал мөнх гэсэн санааг уг дурсгалын цогцолбороор илэрхийлжээ.
Улаанбаатар хот дахь түүх соёлын дурсгалууд нь тухайн цаг үеийнхээ тусгал болж, өнгөрсний орон зайг өнөөдрийн бидэнд бодитоор төлөөлөн харуулж байгаа учраас түүний үнэ цэнийг иргэд, ялангуяа хүүхэд залууст сурталчлан таниулах нь байнгын тасралтгүй үйл явц байх ёстой. Өдгөө Улаанбаатар хот дахь үл хөдлөх дурсгалуудын хадгалалт, хамгаалалт нь хотжилтын замбараагүй тэлэлт, хавчигдсан орон зайн завсар дунд нэн эмзэг байгаа билээ. Дараагийн нийтлэлээрээ танд энэ тухай хүргэх болно.
Нийтлэлийг Г.Очбаяр (Улаанбаатар хотын музей)
Нийслэл Guide сэтгүүл №73 / Улаанбаатар хотын ой санамж