Сүүдэрт орсон соёлын өвүүд: Хот төлөвлөлтийн гадна үлдсэн дурсгалт барилгууд

Улаанбаатар хот түүх, соёлын дурсгалуудынхаа орон зайг өдрөөс өдөрт алдсаар байна. Яагаад ийм харамсалтай үйл явц болж байна вэ гэхээр, Улаанбаатар хотын төвийн хэсгийн хүүхдийн тоглоомын талбай, моджуулж цэцэрлэгжүүлсэн хэсэг гэх мэт сул орон зайг шилэн барилгуудаар дүүргэх нь 2002 оноос хойш хот төлөвлөлтийн нэг гол бодлого болсон юм. Харин одоо энэ үйл явцын хамрах хүрээ өргөжиж, хотын төвийн хэсгээс хэдийнээ хальжээ. Энэ бүхний үр дагаварт соёлын өвүүд болох түүх, архитектурын дурсгалт барилгууд үрэгдэж, сүүдэрт орсоор байна.

Нэг. Соёлын өвүүд хот төлөвлөлтөөс түлхэгдсэн нь:

Өнөөгийн Улаанбаатар гэж нэрлээд буй энэ хотод 1778-1911 оны Богдын хүрээ, 1912-1924 оны Нийслэл хүрээ, 1924-1990 оны социалист Улаанбаатар хотын үед бүтээгдсэн, тэдгээр цаг үеийг төлөөлөх сүм хийд, байшин барилга, түүхэн үйл явдал болж байсан газрууд, цаг үе бүрт хотыг төлөвлөж байсан ул мөрүүд тодорхой хэмжээгээр хадгалагдан үлджээ. Хотын доторх түүхэн цаг үеүдийн энэ давхарга, тэдгээрийн хоорондын хоршил, нэгдэл “хотын амин сүнс”-ийг бүтээдэг.

Богдын хүрээнээс үлдсэн сүм хийд, дуганууд, социализмын үеийн бүтээн байгуулалт, хот төлөвлөлтийн шийдлүүд зэрэг тухайн цаг үеийг төлөөлөх түүх, архитектурын дурсгалууд, энэ цаг үеийн Улаанбаатар хотын бүтээн байгуулалтууд хот төлөвлөлтийн ухаалаг бодлогоор хоорондоо гагнагдаж “хотын өөрийн гэсэн онцлог төрх”-ийг бүтээх ёстой. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод өнгөрснийг одоотой холбох хот төлөвлөлтийн бодлого алдагдсанаас шалтгаалж өнгөрснөөс үлдсэн соёлын өвүүд орчин үеийн Улаанбаатар хотыг байгуулах явцад орон зай, эх төрх байдлаа алдаж, цаашлаад буулгагдаж цөөрсөөр байна. Хот төлөвлөлтийн бодлогын гадна үлдсэн эдгээр дурсгалаас хамгийн харамсалтай жишээгээр Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшин, Чойжин ламын сүм музейг нэрлэж болно. 2008 оны Засгийн газрын 175 дугаар тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад авсан Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшинг 2011 оны долдугаар сарын 11-нд, наадмын орой нураасан юм. Дээрх тогтоол уг нь одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бөгөөд түүний хэрэгжилтийг хэн ч ойшоосонгүй, бас хариуцлагыг үүрэх хүн олдсонгүй. Түүнчлэн, 100 гаруй жилийн настай, улсын хамгаалалтад буй Чойжин ламын сүм музей өндөр шилэн барилгуудаар бүслэгдэж, газраа алдаж, хадгалалт хамгаалалтын маш эмзэг орчинд байна.

Энэ зурагнаас та юу харж байна вэ? Музейн эргэн тойронд өндөр, гоё, шилэн барилгууд баригдсаныг уу, эсвэл соёлын өв өндөр барилгуудаар хашигдаж, орон зай, хил хязгаараа алдаж буйг уу? Дээрээс нэг ширхэг тамхины цог унахад юу болохыг бид төсөөлж чадна. Бас музейн эргэн тойрон дахь машины зогсоолууд энэхүү дурсгалын хадгалалтын орчинд маш том эрсдэл үүсгэж байна. Ийм үйлдэл хийж буй хүмүүс соёлын өв гэж юу болохыг, түүнийг яагаад хойч үе, үр хүүхдүүддээ хадгалж үлдээх ёстойг мэдэж байна уу? Соёлын өвүүд хувийн эрх ашгийг дээгүүр тавьдаг хот төлөвлөлтийн бодлого, хувь хүмүүсийн амиа хичээсэн үйлдлүүдийн золиос болох ёстой гэж үү?! Төр байна уу, Хотын захиргаа байна уу, соёлын өвийг хамгаалах хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан байна уу, ТЭД ХААНА БАЙНА ВЭ?

Өнөөдрийн монголчууд соёлын өвдөө яаж хандаж буйн бодит дүр төрх, монгол хүний оюунд соёлын өв хэрхэн тусч буйн тусгалыг дээрх хоёр жишээ харуулж байна. Түүнчлэн, төрөөс соёлын өвийг хамгаалах чиглэлээр гаргасан хууль, дүрэм, журам хэрэгждэггүйг, түүнийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн институцууд, албан тушаалтнууд хайхрамжгүй байгааг давхар харуулсан.

Хоёр. Дурсгалт барилгуудын хувь заяа:

Богдын хүрээнээс үлдсэн дурсгалт долоон сүм хийд, 13 байшин, барилгын ихэнх нь Улаанбаатар хотод 2002 оноос хойш өрнөсөн барилгажилтын сүүдэрт оров. Үүнээс гадна Социализмын бүтээн байгуулалтаар бий болсон орчин үеийн Улаанбаатар хотын дурсгалуудын орон зайд шинэ барилгууд баригдаж, заримыг нь буулгаж буй дүр зураг хаа сайгүй үргэлжилж байна. Энэ бүхэн юунаас шалтгаалж байгааг дээр харуулсан. Харин энэ үйл явц хэрхэн өрнөж байгааг товч тайлбарлая. Иргэн хүн ямар нэгэн аргаар хотын төвд газар авсан гэж төсөөлье. Энэ газрыг Нийслэлийн газрын албанаас олгож, нийслэлийн Засаг дарга захирамжаараа баталгаажуулдаг. Үүний дараа иргэн газар дээрээ орон сууц, эсвэл оффисын барилга барихаар төлөвлөсөн гэвэл Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /НХТЕТГ/-т хандаж, архитектур төлөвлөлтийн даалгавар авч, барилгынхаа ажлын зургийг хийж, батлуулна. Ингээд барилгын зургийн дагуу барилгаа барьж эхлэх ба энэ үйл явцад зургийн дагуу баригдаж буй эсэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон НХТЕТГ хяналт тавин ажиллана. Барилга баригдсаны дараа НХТЕТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл багтсан комисс хүлээн авна. Хотод нэг барилга, эсвэл орон сууц барихад ийм үйл явц өрнөдөг.

Тэгвэл, холбогдох төрийн байгууллагууд газар авах, барилга барихад зөвшөөрөл өгч, хяналт тавьж ажиллаад байхад яагаад дурсгалууд барилгын сүүдэрт орж, орон зай, газраа алдаад байна вэ? Тухайн дурсгалын дэргэдэх газрыг байгууллага, иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэхдээ хот төлөвлөлтийн бодлогын дагуу /угаасаа ийм бодлого байхгүй/ гэхээсээ хувь хүн, албан тушаалтны эрх ашигт нийцсэн байдлаар олгодог нь хэнд ч ойлгомжтой юм. Ингэж газар олгогдсоны дараа түүн дээр барих барилгын зөвшөөрлийг өгөхөөс өмнө НХТЕТГ-ын дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөр орно. Энэ зөвлөлөөр тухайн газарт барилга барьж болох эсэх, хэдэн давхар барих зэргийг шийддэг. Ихэнхдээ энэ зөвлөлөөс дурсгалт барилгын дэргэд барилга барьж болно, бүр дээр нь барьж болно гэсэн шийдвэр гардаг. Үүнийг бид Чойжин ламын сүм музей, Улаанбаатар хотын музейн байшин, Жигжиджавын байшин, Гоожингийн өндөр зэрэг дурсгалуудаас харж болно. Ихэнхдээ гэдэг нь, зарим тохиолдолд усан оргилуур барих зөвшөөрөл авсан иргэн түүнийгээ өөрчилж 10 гаруй давхар барилга зөвшөөрөлгүй барьчихдаг. Үүнд Мэргэжлийн хяналтын газар хариуцлага тооцож чадахгүй, бариулж л байдаг.

Эндээс НХТЕТГ болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гол буруутан болж харагдаж байгаа ч үүний цаад шалтгаан нь түүх, соёлын дурсгалыг хамгаалах тогтолцоо төлөвшөөгүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул, төрийн албан хаагчдын соёлын өвийн талаарх ойлголт муу байгаатай шууд холбоотой юм. Тодруулбал, Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалуудыг хэрхэн хадгалж хамгаалах, шинэ төлөвлөлтийг дурсгалуудтай хэрхэн уялдуулах бодлого, төлөвлөгөө өнөөдрийг хүртэл бүрэлдээгүй байна. Үүнээс гадна хотын соёл, соёлын өвийн асуудлыг хариуцсан Нийслэлийн соёл, урлагийн газраас түүх, соёлын дурсгалуудыг хадгалж хамгаалах чиглэлээр санаачилгатай ажиллахгүй байна. Мөн НХТЕТГ-ын дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн шийдвэрүүд соёлын өвийн эсрэг байгаа төдийгүй энэ газарт хотын дурсгалуудын мэдээллийн сан үүсээгүй байгаа нь уг шийдвэрийг гаргах үндэслэл болж байна. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын кадастрын зургийг хийлгэх үүрэгтэй ч өнөөдрийн байдлаар маш цөөхөн дурсгал кадастрын зурагтай байгаа. Түүнчлэн, кадастрын зурагтай цөөн хэдийгээ газрын албанд бүртгүүлээгүйгээс шалтгаалж олон дурсгалын газар хувийн өмчид шилжиж, барилга баригдаж, дурсгалын орон зайг үгүй хийж байна. Үүний хамгийн ойрын жишээг барилгуудаар бүслэгдсэн Зайсан толгойгоос харж болно. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дурсгалын хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажилладаг ч дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын орчин огт сайжирсангүй. Үүнээс гадна нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009, 2011 оны тогтоолуудаар барилга барихыг хориглосон бүсийг тогтоож өгсөн ч түүнийг хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг газар байхгүй болчихоод байна. Ингэж улс төрчдийн эрх мэдэл, иргэн хүний хувийн эрх ашиг, төрийн байгууллагуудын шат бүртээ гаргасан шийдвэрүүд хотын хөгжлийн түүхийн явцад бий болсон түүх соёлын дурсгалуудыг нураах, буулгах, орон зайг булаах шалтгаан болчихжээ. Уг нь үүний яг эсрэг үйл ажиллагааг явуулбал соёлын өвийг хадгалж хамгаалах ажил биелэлээ олох юм.

Ингээд Улаанбаатар хотын дурсгалууд хэрхэн барилгажилтын сүүдэрт орж, орон зайгаа алдаж буйг дараах цөөн жишээгээр гэрэл зургийн хамт харуулъя.

Монгол улсын найм дахь Ерөнхий сайд Ц.Жигжиджавын амьдарч байсан байшингийн дээврийг нурааж, дээр нь оффисын зориулалттай барилга барьж байгаа нь. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт түүх, соёлын дурсгалт барилгад сурталчлах, судалгаа шинжилгээ, сургалт явуулах үйл ажиллагааг зөвшөөрсөн байдаг. Мөн хуульд соёлын өвийг анхны төрх, нэгдмэл цогц байдлаар хадгалах зарчмыг баримтлана гэж заасныг зөрчсөн.

Намын Төв Хороо, Ардын Түр Засгийн газар байрлаж байсан түүхэн дурсгалт байшин. Улаанбаатар хотын музейн эзэмшилд байсан газрыг булаан авч, дурсгалт байшингийн зүүн талд 2009 онд есөн давхар орон сууц барьсан юм. Энэ нь дурсгалын сүр барааг халхалж, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн.

Монгол улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн 1914-1919 онд амьдарч байсан хоёр давхар байшин. Өдгөө Гоожингийн өндөр хэмээн нэрлэгдэх болсон дурсгалын эргэн тойронд түүний харагдах сүр барааг халхалсан олон барилга баригдсаны зэрэгцээ нурж унах шахсан энэ барилга соёлын өвд хэрхэн хандаж буй бидний бодит төрхийг илчилсэн.

Богдын Хүрэн ордны цогцолбороос үлдсэн түүхэн дурсгалт байшингийн чанх урд талд зэрэгцүүлэн барилга барьж байгаа нь. Монголын хамгийн сүүлчийн хааны зуны Хүрэн ордны цогцолбороос дөрвөн барилга үлдсэн бөгөөд эдгээр дөрвөн барилгын гурвынх нь хажууд ийнхүү барилгууд барьж, сүүдэрт оруулж авсан юм.

Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан хоёр давхар барилгын баруун талд бас л өндөр барилга баригдаж байгаа нь. Нийслэлийн хамгаалалтад байдаг энэ барилгад өдгөө Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрладаг.

Нийтлэлийг Г.Очбаяр (Улаанбаатар хотын музей)

Нийслэл Guide сэтгүүл №75