Хотын орон зайн салшгүй нэг хэсэг нь хөшөө, баримал юм. Эртний хүмүүс, ард түмнүүдийн бүтээсэн дүрс тэмдэг бүхий зүйлс улбаалан хөгжсөөр ирсэн нь өнөөгийн хотын орон зайд хадгалагдаж буй хөшөө дурсгалын хэлбэрүүд юм. Тухайн улсын биеэ даасан байдал нь өөрийн үндэстний онцлогийг нийтийн талбайд урлагийн бүтээл хэлбэрээр илэрхийлэх давуу эрх олгодог бөгөөд хотын орон зай дахь соёл, түүхээ магтан дуулж, алдаршуулсан хөшөө, баримлууд үүний тод жишээ юм. Иймээс нийтийн талбай дахь урлагийн бүтээлүүд зөвхөн хотын орон зайн хэсэг төдий биш, тэдгээрээс тухайн улсын бие даасан тусгаар байдлыг харж болдгоороо ач холбогдолтой. Өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын нийтийн гудамж, талбайд 150 гаруй хөшөө, баримал байна. Үүнээс 70 гаруй хөшөө, баримлыг нь түүх, соёлын гэрч болсон дурсгал гэж үзээд соёлын өвд бүртгэн авчээ. Соёлын өв болсон тэдгээр хөшөө, баримлуудын тоон мэдээллүүдээс танилцуулъя.
Түүхийн үечлэлээр:
Төрлөөр:
Дүүргээр:
Хамгаалалтын зэрэглэлээр:
Улаанбаатар хотод хамгийн их хөшөө, баримал төвлөрсөн хэсэг нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Бага тойруу, түүний орчим юм.
Бага тойруу буюу хотын төвд хөшөө, баримлууд яагаад бусдаас олон тоотой байгаа нь дараах шалтгаантай.
Өнөөдөр бид Улаанбаатар хотын хөшөө дурсгалууд ямар түүх, онцлогтойг тэр бүр мэддэггүй. Тиймээс хөшөө дурсгалуудын онцлогоос сонирхуулъя:
Ингээд төгсгөлд нь улаанбаатарчуудын анхааралд төдийлөн өртөөд байдаггүй зарим хөшөө дурсгалуудыг гэрэл зургийн хамт толилуулъя:
АРДЫН ХУВЬСГАЛЫН 25 ЖИЛИЙН ОЙН ӨНДӨРЛӨГ
Ардын хувьсгалын 25 жилийн ойд зориулсан уг дурсгалыг 1946 онд зураач Д.Чойдог, Н.Н.Бельский нарын загвараар Яармагийн дэнжид босгожээ. Хан-Уул дүүргийн IV хороо, Наадамчдын гудамжны урд, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн баруун талд буй энэ дурсгал тус дүүргийн хамгаалалтад байдаг.
Н.КОПЕРНИКИЙН ЧЭЭЖ БАРИМАЛ
Алдарт астрономич Н.Коперник /1473-1543/ нь “Буд, Ангараг, Сугар болон бусад гарагууд дэлхийг тойрдоггүй, харин дэлхийн хамт нарыг тойрдог” гэсэн дүгнэлт хийж, Нарны системийн гарагуудын хөдөлгөөнийг харуулсан зургийг зохиосон ажээ. Н.Коперникийн мэндэлсний 500 жилийн ойг тохиолдуулан 1973 онд Польшийн Засгийн газраас Монгол улсад энэхүү баримлыг бэлэглэсэн юм. ШУА-ийн I байрны хойно байх уг баримал Баянзүрх дүүргийн хамгаалалтад байдаг.
П.Е.ШЕТИНКИНИЙ ЧЭЭЖ БАРИМАЛ
1921 онд П.Е.Шетинкин /1884-1927/-ий удирдсан улаан армийн анги Монгол ардын журамт цэргийн хамт одоогийн Булган, Сэлэнгэ аймаг, Эрдэнэт хот орчмын нутгаар цагаантны эсрэг байлдан гарамгай гавьяа байгуулсныг тэмдэглэж, Ардын хувьсгалын 60 жилийн ойг тохиолдуулан тэдний алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор
БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1981 оны 61 дүгээр зарлигаар П.Е.Шетинкиний чээж баримлыг Улаанбаатар хотод босгохоор шийдвэрлэсэн юм. Уг зарлигийн дагуу Сибирийн алдарт партизан, цэргийн гарамгай жанжин П.Е.Шетинкиний боржин чулуун чээж баримлыг барималч Ц.Доржсүрэнгийн эх загвараар 1981 онд тухайн үеийн НАХЯ-ны өмнөх цэцэрлэгт хүрээлэнд буюу одоогийн Асашёорюүгийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд босгож, хожим Ленин клубын баруун талд шилжүүлэн байрлуулжээ. П.Е.Шетинкин нь монголын ард түмний дунд “Төмөрбаатар жанжин” нэрээр алдаршсан юм.
“ТАГТААТАЙ ХҮҮХДҮҮД” БАРИМАЛ
Чингэлтэй дүүргийн III хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд, Peace Тower-ын урд хэсэгт буй энэ баримлыг 1985 онд барималч Ц.Амгалангийн эх загвараар бүтээсэн. Тагтааг монголчууд тайван амгалан шувуу хэмээн ихэд хүндэлдэг бөгөөд зэрлэгийг нь хөх бух гэж нэрлэдэг. 2017 онд тус баримлын тагтаа нь унаж алга болсон.
АЛДАРТ ЭХ НОРЖМААГИЙН ХӨШӨӨ
Таван охин, дөрвөн хүү төрүүлж, хоёр хүү өргөн авч төрсөн үрээсээ ялгалгүй хайрлан хүмүүжүүлсэн алдарт эх Балдангийн Норжмаа /1924-1991/-д зориулсан хөшөөг 1997 онд Ц.Амгалангийн эх загвараар бүтээсэн. Баянгол дүүргийн XI хороо, ЭНЭМҮТ-ийн урд хэсэгт байдаг энэхүү хөшөөг үрээ тэврэн зогсож байгаа эхийн байдлаар дүрсэлж, суурийг боржингоор, хөшөөг ган бетоноор хийжээ.
Д.СҮХБААТАРЫН ТӨРСӨН ГАЗАРТ БОСГОСОН ДУРСГАЛЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр, Дара Эхийн сүмийн зүүн талд буй энэхүү хөшөөг Монголын үндэсний баатар Д.Сүхбаатарын мэндэлсний 100 жилийн ойгоор буюу 1993 онд Ц.Ванчигийн зураг төслөөр босгожээ. Хөшөөнд “Дамдины Сүхбаатарын төрсөн газар шороо 1893” гэж монгол бичгээр товойлгон сийлсэн.
УУРХАЙЧИН ДАВААЖАВЫН ХӨШӨӨ
Монгол улсын анхны Хөдөлмөрийн баатар, уурхайчин Д.Даваажав /1916-1947/-д зориулсан дурсгалын хөшөөг 2000 онд барималч Л.Болдын эх загвараар бүтээжээ. 1956 онд Монгол улсад Хөдөлмөрийн баатар цолыг бий болгож, 1957 онд Д.Даваажав энэхүү цолыг хүртсэн юм. Налайх дүүргийн Хуульчдын гудамжинд байдаг уг хөшөөг 2008 онд тус дүүргийн хамгаалалтад авчээ.
Нийтлэлийг Г.Очбаяр (Улаанбаатар хотын музей)
Нийслэл Guide сэтгүүл №76 / Улаанбаатар хотын ой санамж