Ном зүй (Библиография. Bibliography). Герегийн bibliography – “ном бүртгэх, бичих” гэсэн утгатай үгнээс гаралтай нэр томъёо болно. Ном зүйг практикт үндсэн гурван утгаар хэрэглэдэг.
1. Ном зүй хэмээх нэр томъёог ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг бүртгэх, ангилах, олон түмэнд сурталчлах, мэдээлэл өгөх зэргээр судалдаг шинжлэх ухаан, практик үйл ажиллагаа, мэдлэгийн салбар гэж ойлгож болно. Оросын “Утга зохиолын нэвтэрхий толь бичиг”-т ном зүйг “уран зохиолын тухай мэдээлэх, утга зохиолын судлалын асуудлаар гарсан шилдэг бүтээлийг сурталчлах, утга зохиолын түүхч, судлагчдад туслах үндсэн зорилготой шинжлэх ухаан, практик үйл ажиллагааны салбар мөн” (186.52) гэж тодорхойлжээ. Ном зүй шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын зэрэг мэдлэгийн олон салбараар гарсан ном, бүтээлүүдийг бүрдүүлэх замаар судалгааны томоохон эх сурвалж, мэдээллийн санг бий болгох, ном зохиолыг сурталчлах, олон түмэнд танин мэдүүлэх, шаардлагатай мэдээлэл олж авахад туслах, соёлын үнэт зүйлийг бүтээх зорилготой юм. Манайд зохиол, бүтээлийн ном зүйг хийх талаар тодорхой туршлага бий болж, цөөнгүй бүтээл гарчээ. Жишээ нь: М.Баянзулын “Монголын уран зохиолын ном зүйн тойм” (7 боть), Х.Сампилдэндэв, Д.Өлзийбаяр нарын “Монгол аман зохиол, уран зохиол судлалын ном зүй” (1 боть), Л.Норовсүрэн, Г.Өнөрбаяр нарын “Монголын сэтгүүл зүйн судалгааны бүтээлүүдийн ном зүйн лавламж” (1 боть) зэрэг бүтээлийг нэрлэж болно.
2. Сэтгүүл зүйд ном зүйг хэвлэлийн шинэ бүтээгдэхүүнийг уншигчдад танилцуулах, сурталчлах, шуурхай мэдээлэх зорилго бүхий мэдээллийн бичлэгийн төрлийн өвөрмөц зүйл гэж үздэг. Одоо манай сонин, сэтгүүлийн “Шинэ ном”, “Шинэ бүтээл” буланд шинэ ном, шинэ тогтмол хэвлэлийн талаар байнга мэдээлж, танилцуулж байгаа нь ном зүй юм. Тогтмол хэвлэлийн ном зүйг ном зүйн мэдээ, ном зүйн тэмдэглэл гэсэн хоёр хэлбэрт хувааж болно. Шинэ ном, сэтгүүлийн агуулгын талаар товч мэдээлдэг ном зүйн шуурхай хэлбэрийг ном зүйн мэдээ гэнэ. Нэг бүтээлийн агуулгыг нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж, түүнд уншигчийн анхаарлыг хандуулдаг зорилго бүхий ном зүйн хэлбэрийг ном зүйн тэмдэглэл гэж нэрлэнэ. Энэ нь хэмжээний хувьд том, нэлээд гүнзгий ойлголт өгсөн, логик дараалал, танин мэдэхүйн ач холбогдол сайтай байдгаараа ном зүйн мэдээнээс ялгаатай юм. Ийм ном зүйн тэмдэглэл “Өдрийн сонин”-д тогтмол гардаг.
3. Зарим судалгаа шинжилгээний томоохон бүтээлд ашигласан бүтээлийн жагсаалтыг ном зүй гэж нэрлэдэг тохиолдол бий. Энэ бол судалж, уншиж үзсэн бүтээлүүдийг бүртгэж, тодорхой дараалалд оруулан уншигчдад танилцуулж буй хэрэг юм. Төвд хэлнээс гаралтай tho yig хэмээх нэр томъёог ном зүйтэй адил утгатай гэж үздэг. Тиймээс ашигласан бүтээлийн товъёог ном зүй гэж ойлгож болно. Жишээ нь: Доктор Д.Галбаатарын “Уран зохиолын онолын ойлголт, нэр томъёоны тайлбар толь” (Токио, 2002) бүтээлийн ном зүй нь хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд нийт 555 бүтээлийн нэрийг багтаажээ.