Нийтлэл, ярилцлага, дурсамж

Нийслэлийн маань зүрхэн хэсэг болсон Чингис хааны талбайг тойроод зөвхөн бизнес арилжааны гэлтгүй төрийн, соёл урлагийн, банк санхүүгийн байгууллагууд нэгэн дор төвлөрснөөрөө онцлог. Төв талбайг 1921 онд анх бүтээн байгуулахдаа орчин тойронд нь монгол хүний зан заншил, соёлын тусгал шингэсэн байхаар тооцоолжээ. Ерөөс нийслэлийн төв хэсгийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын түүхийг гурван үед хуваан үзэх нь зүйтэй болов уу.

Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн анх дөч, тавин мянгатын барилгууд орон сууцны хорооллын зориулалтаар баригдсан байдаг. Эндээс л нийслэлийн унаган иргэд жинхэнэ утгаараа төрөн гарчээ.

Хотын иргэд бид түүх соёлын үнэ цэнтэй дурсгалуудын дунд амьдарч байгаагаа, тэдгээр дурсгал түүхэн аль цаг үед хамаардаг талаар тэр бүр мэддэг бил үү? Иймд, Улаанбаатар хот дахь түүх соёлын дурсгалуудтай холбоотой сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

Дэлхийн II дайны дараа Монгол дахь бүтээн байгуулалтын ажил дахин эрчимжиж эхэлсэн юм. Үүнийг "Энх цагийн бүтээн байгуулалт" гэж нэрлэдэг.

Сайд нарын зөвлөлийн 47 дугаар хурлаар 1946 онд Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах урьдчилсан ерөнхий төлөвлөгөө батлагджээ. Уг төлөвлөгөөнд хотын төв ба хөл хөдөлгөөн ихтэй гол гудамжуудыг 24-30 метр өргөн, ердийн гудамжуудыг 15-22 метр өргөн байхаар бодож, хотын төв хэсэгт барих барилгыг хоёроос дээш давхар байхаар төлөвлөн, барилгуудыг төвийн хэсэгт нягтруулан барих, хотыг ногооруулах, цэцэрлэгжүүлэх ажлыг баруун тийш Холбооны яам /одоогийн Төв шуудан/ хүртэл үргэлжлүүлэх, Их сургуулийн гудамж ба бусад гудамжинд мод тарих ажлыг хийж гүйцэтгэхийг заажээ.

Улаанбаатар хот түүх, соёлын дурсгалуудынхаа орон зайг өдрөөс өдөрт алдсаар байна. Яагаад ийм харамсалтай үйл явц болж байна вэ гэхээр, Улаанбаатар хотын төвийн хэсгийн хүүхдийн тоглоомын талбай, моджуулж цэцэрлэгжүүлсэн хэсэг гэх мэт сул орон зайг шилэн барилгуудаар дүүргэх нь 2002 оноос хойш хот төлөвлөлтийн нэг гол бодлого болсон юм. Харин одоо энэ үйл явцын хамрах хүрээ өргөжиж, хотын төвийн хэсгээс хэдийнээ хальжээ. Энэ бүхний үр дагаварт соёлын өвүүд болох түүх, архитектурын дурсгалт барилгууд үрэгдэж, сүүдэрт орсоор байна.

Хотын орон зайн салшгүй нэг хэсэг нь хөшөө, баримал юм. Эртний хүмүүс, ард түмнүүдийн бүтээсэн дүрс тэмдэг бүхий зүйлс улбаалан хөгжсөөр ирсэн нь өнөөгийн хотын орон зайд хадгалагдаж буй хөшөө дурсгалын хэлбэрүүд юм. Тухайн улсын биеэ даасан байдал нь өөрийн үндэстний онцлогийг нийтийн талбайд урлагийн бүтээл хэлбэрээр илэрхийлэх давуу эрх олгодог бөгөөд хотын орон зай дахь соёл, түүхээ магтан дуулж, алдаршуулсан хөшөө, баримлууд үүний тод жишээ юм. Иймээс нийтийн талбай дахь урлагийн бүтээлүүд зөвхөн хотын орон зайн хэсэг төдий биш, тэдгээрээс тухайн улсын бие даасан тусгаар байдлыг харж болдгоороо ач холбогдолтой.